sonin.mn
МАХН  өчигдөр 1000 гишүүнээр бүл нэмлээ. “Шинэчлэгдсэн МАХН” дотоод үйл ажиллагаа МҮЭСТО-д болж энэ үеэр намд шинээр элсч байгаа болон гишүүнчлэлээ сэргээсэн гишүүдийн төлөөлөлд намын удирдлагууд батлахыг нь гардуулсан юм.
 
Баярын үйл ажиллагаанд МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон намын дэд дарга, Нарийн бичгийн дарга нар оролцов.
 
Намд шинээр элсч байгаа гишүүдийн хувьд гэр бүл, анги хамт олноороо элсч буйгаараа онцлог юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200 гаруй иргэн хороогоороо элссэн бол МАН, МНН, МҮАН-ын зарим гишүүд намынхаа гишүүнчлэлээс татгалзаж МАХН-д элслээ. Мөн олон үндэстэн, ястан, эрдэмтэн судлаачид тус намыг өөрийн итгэл үнэмшлээр сонгосон, эл сонголт тус намын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн  үнэлэмж сайн байгааг харуулж байгаа гэдгийг хэлж байв.
 
Хурлыг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Манай намд сүүлийн саруудад хэдэн мянгаар тоологдох гишүүд элсч байна. МАХН бусад аль ч намд байхгүй хүчирхэг удирдагчтай. Тиймээс олон хүн манай нам руу ирэх хүсэлтээ илэрхийлж байгаа. Улс төрийн орчинд түнэр харанхуй нөмөрсөн энэ үед бид ард иргэдтэйгээ нийлж Сонгуулийн хувьсгал хийнэ. Хувьсгалын үйл хэрэгт хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Тиймээс олон мянган гишүүдтэйгээ  луйврын эсрэг тэмцэнэ. Бид ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа” гэсэн юм.
 
Намд шинээр элс байгаа  залуучуудын хувьд МАХН залуу боловсон хүчинд ээлтэй бодлого барьж ажилладаг. Тиймээс өндөр боловсролтой хэдэн зуун залуус улс төрийн сонголтоороо МАХН-ыг тодорхойлж  гишүүнээр элсч байгаа гэсэн юм.
 
Үйл ажиллагааг хааж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Энэ сайхан саруул танхимд та бид олон удаа уулзаж байгаа. МАХН-ынхаа гишүүдийн эгнээг өргөжүүлж, намын гишүүд, жирийн дэмжигчид сэтгэлийнхээ үгийг хэлж, зөвхөн бидэнд биш нийт Монголын ард түмэнд хандаж шүүжмлэхээ шүүмжилж, гарах гарцыг зааж сэтгэлийнхээ үгийг хуваалцаж байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ индэр дээр үг хэлсэн олон хүн бодууштай олон санал санаачлага хэлсэнд баяртай байна. Энд хэлж байгаа үгэнд худал байхгүй. Үг болгонд хүний амьдралын утга учиртай холбоотой, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүрх сэтгэл нь цохилж, заримынх нь зүрх өвдөж байгаа юм байна.
 
Тиймээс намын гишүүд дэмжигчид энд хэлсэн үгсээ ард түмэндээ очиж хэлье. Яагаад гэвэл улс орны хувь заяаг шийдэх, Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг цаг үе хаяанд ирсэн байна. Хэн нэгнийг хүлээхгүй өөрсдөө санаачилж, зоригтойгоор ард түмэнд хэлэхгүй бол өөр хүмүүс худлаа хэлж байна. Ард  түмнийхээ хүсэл тэмүүллийг бадраасан үнэн зөв, шударга үгсээ хэлье. МАХН бол ард түмнийхээ захиалгаар бий болсон нам. Хэн ч устгаж чадахгүй. Намын даргыг шоронд хийж, гишүүдийг нь дарлаж хэлмэгдүүлээд ч устгаж чадахгүй. Эсвэл урвуулаад энэ нам алга болохгүй. Ганц хоёр хүн урваж болно. Ц.Төмөрбаатар гавъяатын хэлдгээр түм түмэн хүн нэмэгдэж ирнэ.
 
Монголын ард түмэн байгаа цагт МАХН ард түмэндээ үйлчлэх гэж, туслах гэж  байсаар байна. Манай намын гишүүд өөрсдийгөө биш өрөөлийн сайн сайхныг боддог. Мэдлэг боловсролтой хүмүүс байдаг учраас бидэнд итгэсээр байгаа. Ард түмний боломж нээлттэй үүд хаалга гэж харсаар байгаа. Тийм учраас ард түмний дундаас зоригтой, улсынхаа, бусад хүмүүсийн төлөө хийж бүтээж чадах нь нээлттэй хаалгаар орж ирж энэ том багийг улам томруулж, бэхжүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.
 
Энэ үеэр МАХН-аас гарсан цөөн тооны гишүүд байсан ч эдүгээ МАХН иргэдийн итгэлийг хүлээж тэдний хүсэл зорилгод тулгуурласан оновчтой бодлого, үйл ажиллагаа явуулж улс төрийн намуудаас хамгийн богино хугацаанд ард иргэдийн хүссэн, алагчлал, ашиг сонирхлоос ангид “Шинэчлэгдсэн МАХН” болсныг улс төр судлаачид хэлж байлаа. Тус намд шинээр элссэн зарим гишүүдийн сэтгэгдлийг хүргэе.
 
Ц.Мөнхбаяр: МАХН ХӨГЖЛИЙН ХУВЬСГАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРВИН ҮЙЛСЭД УРИАЛАН ДУУДАЖ БАЙНА
 
Надад намд элсэх, итгэж үнэмших есөн учир шалтгаан байна. МАХН бол хувьсгалч нам. Ард түмнээ харийн дайснаас чөлөөлж их эрх чөлөөтэй золгуулж, Ардын хувьсгалын удирдан зохион байгуулсан. Одоо ч Сонгуулийн хувьсгалыг хамтдаа хийж Хөгжлийн хувьсгалыг хэрэгжүүлэх арвин үйлсийг үргэлжлүүлж, та бүхнийг уриалан дуудаж байна. Аав маань насан туршдаа МАХН-ын гишүүн байсан. Энэ тухай улс орныхоо тусгаар тогтнол үндэстний язгуур эрх ашгаа дээдэлдэг Монгол нам юм. Шударга сонгуулийг үлгэрлэн үзүүлэх шударга ёсны нам. Ард түмний сайн сайхны төлөөх авралын нам.
 
А. Сапаргуль: Н.ЭНХБАЯР КАЗАК АРД ТҮМЭНД МАШ ИХ ЭЛЭГТЭЙ БАЙДАГ УЧРААС БАЯРЛАЖ ЯВДАГ
 
Энэ цагийн үргэлжлэл болсон залуучуусын төлөөлөл болж МАХН-д элсч байгаад туйлын баяртай байна. Миний өвөө, эмээ, аав, ээж бүгд энэ намаар хүмүүжээд зогсохгүй амьдрал нь МАХН-тай салшгүй холбоотой байсан. Улс орны эдийн засаг хүнд ядуурал их  энэ хүнд үеэс МАХН улс орноо гаргаж, залуус бидний ирээдүйг сайн сайхан гэрэл гэгээтэй болгож чадах улс төрийн хүчин мөн гэдэгт итгэдэг. Мөн МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр казак ард түмэнд маш их элэгтэй байдаг учраас баярлаж явдаг. Гишүүнээр элссэндээ маш их баяртай байна.
 
 
С.Уянга
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин