sonin.mn
ТОКИО./TASS/. Японы Кашикозима аралд маргааш эхлэх “Их-7”-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын өмнө аюулгүй байдлыг хангах маш хатуу чанд арга хэмжээ авч байгаа тухай Киодо агентлаг мэдээллээ.
 
Уулзалт болох газраас 300 км-ийн алсад орших нийслэл Токио хотод гэхэд 19 мянган цагдаагийн албан хаагч гудамж талбай болон чухал объектуудад эргүүл хийж байна.
 
Галт тэрэгний буудлууд, худалдааны төвүүд зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад хоёр хоёроор алхаж буй цагдаа нар маш олноороо үзэгдэх болжээ.
 
Дээд хэмжээний уулзалт болох Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд 23 мянган цагдаагийн албан хаагч хамгаалалтад гараад байна. Энд шалган нэвтрүүлэх цэгүүд олноор бий болж, тухайн бүсээр нэвтэрч буй автомашин бүрийг шалгаж байгаа юм.
 
Уулзалт болох газарт оршин суудаг хүмүүс орон нутгийнхаа дотор зорчихдоо тусгай үнэмлэхийг биедээ авч ёстой аж. Дунд сургуулиудын хичээлийг уулзалт болох хоёр хоногийн хугацаанд хаажээ. Исэ-Шима орчмын загасчид болон сувд олборлогчдын завинуудыг далайд гарахаас нь өмнө маш нарийн шалгасны эцэст тусгай нэвтрэх үнэмлэх болох дарцаг олгож байгаа аж. Дарцгуудыг өдөр бүр өөрчилж байх юм.
 
Уулзалт болох газрын эргэн тойрны тэнгисийн усанд эргийн хамгаалалтын 100 орчим хөнгөн онгоц /катер/ эргүүл хийж байна. Мөн энэ бүсэд Японы Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том хөлөг онгоц болох нисдэг тэрэг тээгч “Изүмо” хөлөг онгоц болон эскадрын мина тээгч  пуужинт хөлөг онгоцууд хүрэлцэн иржээ.
 
Түүнээс гадна Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн районыг нислэггүй бүс болгосон бөгөөд байлдааны нисэх онгоцууд эргүүл хийж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг