sonin.mn
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
 
-Та улс төрд олон жил тууштай явж байснаа сүүлийн хэдэн жил нам гүм байлаа. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан талаараа манай уншигчдад сонирхуулна уу?
 
-2012 оны сонгуулийн дараа намын нарийн бичгийн даргын ажлыг жил гаруй хугацаанд хийсэн. Тэр ажлаа өгчихөөд сүүлийн хоёр жил судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Өмнө нь харилцаа холбоотой байсан гадаад, дотоодын багш, эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажилласан. Ингэхдээ голдуу Монголдоо,  жилд 2-3 удаа гадаадын судалгааны төвүүд дээр очиж эрдмийнхээ ажлыг үзүүлж, судалгаагаа хийчихээд ирдэг байлаа.Энэ хугацаанд үндсэн хоёр сэдэв судалсан. Эхний сэдэв нь улс орнууд гадаад өрийг яаж зохицуулж байна вэ гэдэг асуудлыг судаллаа. Үүнийг эдийн засаг, санхүү талаас нь биш олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүний хувьд эрх зүй, хууль талаас нь судаллаа. Өрөнд орчихоод түүнийгээ тэглүүлдэг, эсвэл төлж чадахгүй болоход ямар гэрээ конвенц, шүүхийн ямар шийдвэр, улс орны ямар практик байна вэ гэдгийг судалсан.
 
Энэ бол манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Миний харж байгаагаар манай улс 23.7 тэрбум ам.долларын гадаад өрөө ойрын хэдэн жилд төлж чадахгүй.Тэгэхээр ззээлдүүлэгчидтэйгээ яриа хэлэлцээ хийж, зээлээ тэглүүлэх, хөнгөлүүлэх тийшээ явах шинжтэй байна. Энэ зээлдүүлэгчид маань оросууд шиг бидэнд өгөөмөр хандаж, 98 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй нь ойлгомжтой. Олон улсын практик, хэм хэмжээгээр нь л явах байх.
 
-Өр бол улсын тулгамдсан асуудал мөн. Улстөрчид танай, манай үеийн Засгийн газрын өр гэж ихээхэн улстөржүүлж байна. Нэгэнт бий болсон өрийг яаж зохицуулах тухай таны судалгааны гаргалгаа юу вэ?
 
-Улстөрчид маргалдаад, энэ сэдвийг хэрүүлийн алим болгоод байхаар иргэд зарим талаар буруу ойлголттой болоод, энэ өр бол ер нь улстөрчдийн л ярьдаг, маргалддаг сэдэв юм байна, улстөрчид өөрсдөө л төлж барагдуулах юм байна гэж ойлгох аюул харагдаад байна. Гэтэл бодит байдал дээрээ энэ бол нийт гурван сая монголчуудын хамтын хариуцлага, нийтээрээ төлөх ёстой өр шүү дээ. Засгийн газар гадаад, дотоодоос зээл авахдаа энэ нам, тэр нам, эсвэл аймаг, хот гэж ярихгүй Монголын ард түмнийг төлөөлөөд л ярьж, тохиролцож байгаа шүү дээ.
 
Тэгэхээр зөвхөн Засгийн газар нь, улстөрчид нь биш, нийт иргэд, татвар төлөгчид, аж ахуйн нэгж энэ өрийг цалин, тэтгэвэр, цэцэрлэг, сургууль, хөрөнгө оруулалтаа танаж, хумсалж байж л төлнө. Өрийн хямралаас гарахад анх яагаад өрөнд орчихов гэдгийг зөв тогтоох нь ач холбогдолтой байдаг юм байна. Хүн халуурахад халууныг нь буулгахаас илүүтэй цаад өвчнийг нь олж зөв оношлох нь чухал байдагтай адил. Ер нь бол улс орнууд үндсэн дөрвөн “өвчинд” нэрвэгдэж халуурах буюу өрийн дарамтанд ордог юм байна.
 
-Манай улсын хувьд аль нь байна?
 
-Бусад улс орнууд аль нэгэнд нь нэрвэгдэж өрийн дарамтанд орж байхад манай эдийн засаг дөрвүүлэнгээр нь зэрэг өвчилсөн байна гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийгээд байна шүү ээ.
 
Тэгэхээр эмчилгээ ч гэсэн бүр хэцүү гэсэн үг. Хамгийн эхний “өвчин” бол олон жил дараалсан төсвийн алдагдал. Төсвийн зарлага нь орлогоосоо нэг, хоёр жил бага сагаар давж болох боловч олон жил дараалвал “өвчин” хүндэрдэг. Үүний хамгийн тод жишээ бол Грек улс. Тус улс 2000-2007 онд жилд дунджаар ДНБ-ний 5.5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай явж, түүнийгээ нөхөх зээл авсаар одоо Европын холбоог бүхэлд нь татаж унагахдаа тулаад байна. Энэ өвчин манайд байна. Олон улсын валютын сан 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний 11.5 хувь байна гэж дүгнэсэн ч Засгийн газар 4.4 гээд зөрөөд байдаг.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хоёр хувь л байх ёстой байтал эрх баригчид хүчээр босгыг нэмсэн.  Засгийн газар ОУВС-г буруу тооцсон гэхээр тус сан Засгийн газрыг буруу тооцсон гээд Хөгжлийн банкны өрийг, гаргасан зээлийнхээ баталгааг,  төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулж тооц гэдэг. Тэр нь ч зөв, яагаад гэвэл энэ бүх өрийг төсвийн хөрөнгөөр л төлөх учраас өөрсдийгөө хуурах хэрэггүй л дээ. Тэгэхээр Грекээс манайх хоёр дахин давсан төсвийн алдагдалтай явж байна гэдэг аюулын дохио мөнөөс мөн. Цаашдаа ч энэ алдагдал нэмэгдэх л шинжтэй байна.
 
-Энэ өр ер санаа зовох зүйл биш, бусад улс орнууд, жишээ нь, АНУ, Япон манайхаас илүү их өртэй байна гээд л зарим сайд, дарга нар ярьж байхыг сонссон?
 
-Монгол бол АНУ ч биш, Япон ч биш. АНУ дуртай цагтаа доллар хэвлээд өгөхөд хэн ч гэсэн авна. Япон улс ихэвчлэн дотооддоо иргэдээсээ иенээр зээл авдаг учраас дахиад л иен хэвлээд иргэддээ өгч болно. Өндөр хөгжилтэй орнуудын зээл ДНБ-ний 70-80 хувь хүрэхэд боломжтой гэж үздэг бол манайх шиг жижиг, буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ тоог 40 хувиас хэтрүүлэхгүй байх нь амин чухал гэж үздэг. Төсвийн тогтвортой байдлын хуульд ч ингэж заасан. Гэтэл одоо энэ тоо 55 хүрээд дараа жилээс 75 хувь хүрэх шинжтэй байна. Улстөрчид юу ч гэж ярьсан, тоо бол худлаа хэлэхгүй шүү дээ.
 
-Эхний “өвчний” тухай ярилаа. Өрийн дарамтын хоёр дахь шалтгаан юу байна?
 
-Эдийн засаг өндөр өсөлттэй жилүүдэд аж ахуйн нэгж компаниуд, иргэд их хэмжээгээр гадна, дотноос зээл авдаг, тэр хэрээр хэрэглээ нэмэгдэж, “хөөс” бий болдог байна. Банкууд ч үл хөдлөх хөрөнгийг “хөөсөрсөн” үнээр зээлийн барьцаанд авдаг. Хямрал болоход зээлээ төлөх чадвар ч алдагдана, “хөөс” ч хагарна, банкнуудын чанаргүй зээл нэмэгдэж Засгийн газраасаа аврал эрдэг. Ингээд банкуудаа аврахын тулд Засгийн газар зээл авч төсвийн алдагдал нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд төсвийн алдагдлааас болж өрийн дарамтанд орох биш, харин өөр “өвчний” шинж тэмдэг болж илэрдэг юм байна. Үүний тод жишээ бол Ирланд, Испани улс юм. Манайд энэ аюул бодитойгоор нүүрлээд байгааг бид харж л байна.
 
Өрийн дарамтыг бодитойгоор бий болгодог гурав дахь шалтгаан бол өрийн өөрийнх нь бүтэц буюу гадаад валютаар авсан их хэмжээний өр ханшны хөдөлгөөнөөс болж огцом нэмэгдэх явдал. Үүний тод жишээ бол Аргентин. Тус улс их хэмжээний зээлийг америк доллараар авч, төсвийн хариуцлагатай бодлого явуулж ирсэн боловч ханш хөдөлснөөс болж гадаад өрийн бодит дарамт хоромхон хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн гашуун түүх бий. 2001-2002 онд эхэлсэн энэ улсын гадаад өрийн хямрал энэ оны эхээр л шийдлээ олж байна.  Бид ч гэсэн ихэнх зээлээ гадаад валютаар авч, ханшны хөдөлгөөнд нэрвэгдэж, бодит ачаалал нэмэгдэж байгааг харж байна.
 
Сүүлийн буюу дөрөв дэх шалтгаан нь гадаад эдийн засгийн огцом шок буюу манай орны хувьд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн огцом уналт. Яг одоо, жишээ нь, Бразил улс энэ “өвчнөөр” өвчилж, эдийн засаг, улс төрийн гүн хямралд ороод байна. Энэ ч гэсэн бидэнд тулгараад байгаа аюул гэдгийг бүгд харж л байна.
 
-Яаж эмчлэх вэ. Бусад улс өрнөөсөө хэрхэн салж байна вэ?
 
-Шидэт эмчилгээ байхгүй юм байна. Төсвийн олон жилийн хариуцлагатай бөгөөд тогтвортой бодлого, орлогоосоо даваагүй зарлага, мөнгөний ухаалаг бодлого, чөлөөт ханш, монгол хүний бүтээх, туурвих авъяаст дулдуйдсан таатай хөрөнгө оруулалтын бодлого хэрэгтэй. Төр аж ахуй, бизнест хэт их хутгалдаж, хувийн сектортой өрсөлдөж, дампууруулах биш, тэднийгээ дэмжмээр байна.
 
Гэхдээ эхний ээлжинд өндөр хүүтэй, богино хугацааны арилжааны зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа явдлыг таслан зогсоох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдийг урагшлуулах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, ард иргэддээ ч гэсэн, гадны түншүүддээ ч гэсэн бодит үнэнийг хааж нуулгүй хэлж, тоо тооцоогоо нэгтгэх, ухаалаг яриа хэлэлцээр хийж боломжийн хөнгөлөлт авах арга замыг ч гэсэн эрэлхийлэх явдал чухал байна. Тэрнээс биш “өр” бол “өглөг” гэж хуульчлаад өөрсдийгөө л хуурна, цаашлаад өрийн асуудлаар гадаад, дотоодын олон шүүх, арбитрын хаалгыг л татах нягууртай.
 
-Саяхан манай Засгийн газар олон улсын арбитрын шүүх дээр ялагдаж Канадын “Хан Ресурс”-д 70 сая ам.долларын өртэй болчихсон. Энэ тухайд та юу хэлэх вэ?
 
-Монгол төр өгсөн зүйлээ буцаагаад авч болно, яагаад болохгүй гэж. Гол нь гэрээ хэлцлээ зөв хийх, үнэдэслэлээ зөв гаргах л асуудал. Манай Засгийн газар бүх заргаа авна гэж байхгүй учраас бидний хувьд үүнээс сургамж авах нь чухал байх. Нэгэнт арбитрын шийдвэр гарчихсан учраас төлөхөөс өөр аргагүй.Гэхдээ “Хан Ресурс”-ын 70-аас илүү миний сонирхлыг татаж байгаа нэг зүйл бий.
 
-Тэр нь ямар асуудал билээ?
 
-Засгийн газар гадаадын нэг компанид өртэй болчихоороо шуугиан болоод зээл аваад төлчихдөг. Гэтэл Засгийн газар дотоодын аж ахуйн нэгжүүдэд өчнөөн өртэй. 2015 оны эцсийн байдлаар Засгийн газар 116 иргэн, аж ахуйн  нэгжид 46 тэрбум төгрөгийн шүүхээр тогтоочихсон төлбөртэй байна. Үүний цаана шүүхээр тогтоогоогүй их хэмжээний төлбөр байгаа. Үүнийгээ төлдөггүй. Канадын компанийн өрийг төлдөг, харин дотоодын аж ахуйн нэгжийн төлбөрийг яагаад төлөхгүй, үл тоогоод байна. Нөгөөдүүл нь ч хэрүүл уруул хийхгүй юм. Цаана нь хэдэн ажлын байр, цалин, өндөр хүүтэй банкны зээл гээд өчнөөн асуудал байгаа шүү дээ. Өмнөхөө төлөөгүй байж дахиад л тендер, концессын гэрээ гэж яриад байдаг. Энийг сэтгүүлч та нөхөд эрэн сурвалжилж, сэдэв болгож тавимаар санагдах юм.
 
-Эхний сэдвээ энд өндөрлөе.Таны судалгааны хоёр дахь хэсгээс сонирхоё?
 
-УИХ-ын гишүүн байхдаа  цаг гаргаж ажиллаж чадаагүй нэг сэдэв бол хот, тосгоны эрх зүйн байдал юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай 1993 оны гурван хуудас хууль маань өнөөгийн шаардлагад нийцэхгүй, цаг үеийн асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь дэндүү ойлгомжтой байна. Наад зах нь л, хотын дарга Э.Бат-Үүл Налайх, Багануурыг хот болгох гээд хуульдаа баригдаад чадалгүй, дагуул хот гэж нэрлээд л орхилоо шүү дээ. Тэгэхээр энд эрх зүйн томоохон реформ хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Харин юуг яаж өөрчлөх үү, олон улсын практик, туршлагаас алийг нь авч, юуг нь гээх үү, Монголын бодит хөрсөнд монгол хүнд тааруулж ямар зохицуулалт хийх вэ гэдэг нь судалгааны том сэдэв байна.
 
Хот бол иргэд, оршин суугчдын өөрсдийн санал, санаачлага дээр суурилсан, амьдралын ахуйн асуудлуудыг түргэн, зардал багатайгаар шийдэх, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах зорилготой аж ахуйн чанартай нэгж юм л даа. Гэхдээ энд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүд, төрийн суурь үйлчилгээ, төсөв мөнгө, орон нутгийн татвар, нэг талаас хот, тосгон, нөгөө талаас аймаг, нийслэл, сум дүүргийн харилцаа гээд асар олон нарийн түвэгтэй зангилаа асуудлууд байгаа учраас бодит судалгаа чухал байгаа юм. Бид саяхан энэ асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийж, хамтын хүчээр дараа жилдээ багтааж зөвлөмж, хуулийн төсөл боловсруулахаар тохирсон.
 
-Энэ талаар бусад орны жишээ танд байгаа байх. Сонирхуулж заримаас нь ярихгүй юу?
 
-Тэгье л дээ. Бидний сайн мэдэх, кинон дээр байнга гардаг АНУ-ын Лос Анжелес хотыг жишээ болгоё л доо. Бид энэ хотыг 14-15 сая хүнтэй, асар том буюу мега хот гэж төсөөлдөг. Бодит амьдрал дээрээ ч тийм. Гэхдээ эрх зүйн хувьд энэ том хот бидний бодож, төсөөлж байгаагаас шал өөр зохицуулалттай байгаа юм. Лос Анжелес каунти буюу манайхаар бол Лос Анжелес сумын нутаг дэвсгэр дээр том, жижиг нийт 88 хот байна. Тэдгээрээс хамгийн том нь 4.5 сая хүнтэй Лос Анжелес хот, жижгүүдээс Беверли Хиллс гэж 36 мянган оршин суугчтай хот байна. Бүгд өөр өөрийн захирагч, хурал, гал команд ч юм уу, газрын зэрэг бусад албатай.
 
Хажуугийн сум буюу Оранж каунтигийн олон хоттой бүгд нийлээд метрополитан Лос Анжелесийн бүс бий болгодог, гэхдээ энэ нь гагцхүү статистикийн тоо мэдээ цуглуулах л зорилгоор ингэж нэрлээд байгаа болохоос нийлээд нэг хот гэсэн үг биш. Дээрээ мужийн буюу манайхаар аймгийн захиргаатай. Ингэж олон хот тосгон болдог нь иргэд өөрсдийнхөө чадлын хэрээр орон нутгийнхаа амьдралыг өөрсдөө зохицуулах, газар нутгаа хамгаалах, арчлах эрмэлзэлтэй холбоотой. Дангаараа хүч хүрэхгүй юмаа хамтраад шийднэ. Жишээлбэл, гэрээ цахилгаан, сургууль зэргийг хэдхэн хот хамтраад бүс болоод шийднэ. Эсвэл бусад том хотоос түрээсэлж, хөлсөлж авна. Энэ жишгээр бол манай Улаанбаатар хотод Налайх, Багануур гэдэг бүрэн утгаараа бие даасан хотууд бий болоод зогсохгүй, Хан-Уул хот, Баянзүрх хот ч гэж үүсч хөгжих бололцоо байна.
 
-Гишүүн байхдаа л бодож байсан гэхээр нэлээд цаг хугацаа шаардсан судалгааны ажил хэрэгтэй байсан гэж үү?
 
-Тийм. Одоо ч гэсэн бодож, судалж л байна, цаашдаа ч их судалгаа орно. Хөндөгдөж байгаа асуудлууд нь эгзэгтэй, нарийн түвэгтэй учраас гоомой хурдан хандаж болохгүй сэдэв л дээ.
 
-Таныг сайдаар ажиллаж байх үеийн нэг үйл явдлын тухай заавал асуух ёстой болов уу. 2008 оны сонгуулийн үеийн үймээн. Үүнийг сонгууль бүрээр сөхдөг. Нэг талдаа улстөржүүлдэг ч, нөгөө талдаа сонгууль тайван болоосой гэж иргэд хүсч байна. Та тэр үед Онц байдлын штабыг удирдаж байсны хувьд өнөөдөр юу хэлэхсэн бол?
 
-Сонгууль дөхөж байгаа учраас иргэд болгоомжилж, санаа зовж байгаа нь ойлгомжтой. Сонгуулиа олигтойхон шиг хийчихээсэй, битгий бужигнаасай, амгалан тайван байгаасай гэж бодож байгаа. Монголчууд, тэр дундаа Монголын улстөрчид сургамж авсан байх гэж найдаж байна. Хариуцлагагүй, үр дагаврыг нь бодоогүй үйлдэл ямар их хохирол авчирч, хүний амь нас, эрүүл мэндэд хүрдгийг ухамсарласан байлгүй дээ. Тухайн үед Онц байдал зарлахаас өөр арга зам үлдээгүй. Нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал хяналтаас гарч, нийслэл хотыг бүхэлд нь хамрах аюул нүүрлэсэн. Олон зуун согтуу, доргисон залуусыг турхирч, цагдаагийн галт зэвсгийн агуулах руу залж эхэлсэн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдэмгий алхам хийж, байдлыг хяналтанд авсан.
 
Энэ үймээн, эмх замбараагүй байдлыг урьдчилан сэргийлж болоогүй юу, таван хүний амь эрсдэхээс сэргийлж болоогүй юу гэж байнга л өөрөөсөө асууж, эргэцүүлж бодож явдаг юм. Заримдаа өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн л гэж бодогдох үе бий, заримдаа эргэлзэх үе ч бий. Хууль талаасаа асуудал байхгүй л дээ. Ярьсан хэлсэн бүх зүйл бичлэгтэй, протоколтой учраас цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд, УИХ биднийг шалгаж, бүх зүйлийг хууль номын дагуу хийжээ, буу зэвсэг хэрэглэхгүй байх тушаал зааврыг өгчээ, штаб сайн ажиллажээ гээд дүгнэсэн л дээ. Гэхдээ л хэдий тийм ч энэ бүгдийг сэргийлж чадаагүй дээ, таван хүний амь насыг хамгаалж чадаагүй дээ байнга л харамсдаг юм.
 
-Цааш нь яриулвал их цаг хугацаа, цаас шаардлагатай сэдэв учраас энд дуусгая. Та хуучин төгссөн сургуульдаа очиж судалгаа хийжээ. Таныг Харвардыг төгссөн Монголын анхны улстөрч гэдэг юм билээ. Энэ сургуулийн төгсөгчдийн холбоог та удирддаг гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулдаг холбоо вэ?
 
-Харвардыг төгсөгчдийн холбоо дэлхийн 150 гаруй оронд салбартай. Түүний Монгол дахь нэгж буюу клуб гэж бий. Ерөнхийлөгч нь би, хүндэт ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж. Одоогоор 30 гаруй гишүүнтэй. Энд Харвардад очиж яг сураад диплом авсан хүн хамаарна. Одоо тэнд сурч буй 10 гаруй залуу бий.Жилдээ хоёр арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ намар Харвардын багш нарын дэмжлэгтэйгээр манай холбоонынхон лекц уншихаар төлөвлөж байна.
 
-Ямар сэдвээр лекц унших вэ?
 
-Сэдвийг бид олон талаас нь ярьж байгаад сонгосон. Тэнд одоо сурч буй залуус ч санаагаа хэлсэн. Гол санаа нь бол яаж монгол залуус, охидуудыг илүү чөлөөтэй сэтгэдэг, хурц мэтгэлцдэг, аливаа зүйлийг шууд хүлээж авч хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй олон талаас нь харж, түншиж, маргалдаж байж өөрийн болгодог болгох уу гэдэг асуудал. Бид чинь багшийн заасныг ягштал цээжилж буцааж багшдаа ярихдаа гаргуун, бүр багаас нь манай боловсролын систем хүүхдээс ийм л юм шаардана. Багштайгаа санал зөрөх, маргалдах, ном хаялцах бүр хориотой, цээрлэл хүлээлгэнэ.
 
Харин Харвард буюу бусад том сургуулиудад ингэж хичээлдээ хандвал ер олигтой үнэлгээ авахгүй. “Миний ярьсныг битгий надад буцааж яриад бай, чи өөрөө юу гэж бодож байна, яагаад тэгж бодож байна, миний зөв бурууг хоёулаа хэлэлцье” л гэж хэлнэ шүү дээ. Ингэж сурахын тулд нэг талаас багш, сурган хүмүүжүүлэгч нараа бэлтгэх, нөгөө талаас эцэг эхчүүдээ сургах, хүүхдийг “хүн”, “бодгаль” гэж хүндэтгэж, санаа бодлыг нь сонсож, сонирхлыг нь дагуулж сурган хүмүүжүүлэх явдал амин чухал байна. Ингэж өсөж хүмүүжсэн хүүхэд л чөлөөтэй сэтгэж, шинийг бүтээж, эрин цагийн хөгжлийг тодорхойлно. Өөрөөр бол улс орон ч, нийгэм ч, хувь хүн ч хөгжихгүй гэж би бат итгэдэг юм.
 
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
 
М.Ганцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин