sonin.mn
Энэ онд Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн ногоо тариалалт 6000 орчим тонн болно гэж ХХААЯ-наас мэдээллээ.
 
Хүлэмжид тариалсан 4400 орчим тонн ногоог 2015 онд хураан авсан бөгөөд энэ нь дотоодын хүнсний ногооны хэрэглээний зургаан хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Цаашид ч хүлэмжийн ногоо тариалалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм.
 
Мөн өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр зөвхөн өргөст хэмх, улаан лооль, чинжүү, салатны байцаа, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногооны импортын 20 шахам хувийг дотоодоос нийлүүлэхээр болсон.
 
Улсын хэмжээнд 1000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн хүлэмжид ногоо тариалдаг бөгөөд 100 гаруй аж ахуйн нэгж нь зах зээлээ даган Улаанбаатар хот болон Төв аймаг орчимд төвлөрч байна. Хүлэмжийн ногоо тариалалтад нарийн ногоо, жимс жимсгэнэ ихэнх хувийг эзэлдэг.
 
 “Ногоон сор” компани гэхэд өвөл, зуны нийт 32 хүлэмжтэй бөгөөд тарвас, бууцай, салатны навч зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ нарийн ногоо тариалж байна. Жилд дунджаар 165 тонн ногоо болон тонн гаруй гүзээлзгэнэ хураан авах хүчин чадал бүхий өвлийн хүлэмжтэй юм.
 
Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 150 гаруй аж ахуйн нэгж нийт 311.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт гаргаад байгаагаас Чингис бондын хөрөнгөөр нийт 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөгийг олгожээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг