sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
 
Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
 
Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.
 
Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.
 
Товч мэдээ
 
·  “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.
 
·  2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
 
·  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.
 
·  Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
 
·  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
 
·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.