sonin.mn
“Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төсөл амжилттай хэрэгжиж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж болон эмч, ажилтнууд оролцов.
 
90 жилийн баялаг түүх, арвин туршлагатай Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нэг жигүүр болох салбар амбулатори үүдээ нээж байна. Эмч ажилтнуудыг ард иргэддээ мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж,  шинэ ноу хау, дэвшилтэд технологи нэвтрүүлж, шинэ ололт амжилтаар дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
 
Монгол Улсын Засгийн газар монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцлийг бүрдүүлэхээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Эрүүл мэндийн даатгалын хуулийг, 2016 онд Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлж байна.
 
Эдгээр хууль хэрэгжсэнээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн, эдийн засгийн, санхүүгийн, удирдлага зохион байгуулалтын бие даасан байдлыг хангах, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг нээж, эмнэлгийн шинэчлэл шинэ шатанд гарч, тусламж үйлчилгээний чанар хүртээмж олон улсын зэрэгт хүрэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.
 
Засгийн газраас Орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 11 аймагт оношилгооны төв байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт 79 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан.
 
Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгооны төв болон АШУИС-ийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймаг дахь баруун бүсийн оношилгооны төвийг 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн гэдгийг тэрээр тэмдэглээд эдгээр ажлын үр дүнд монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх үндэс бүрдэх юм гэлээ.
 
Тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж, “ Гурван сая хүн амтай манай улсад гурав дахь шатлалын эмнэлгийн ачаалал их. Бид ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг.
 
Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө Засгийн газарт танилцуулсан. Бидний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, өнөөдөр биеллээ олж байна. 90 жилийн түүх, дэг сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээ амлаж байна” гэв. 
 
Тус салбар амбулатори энэ долоо хоногийн эхний өдрөөс ажиллаж, энэ өдрүүдэд 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг