sonin.mn
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй ярилцлаа.
 
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байгуулагдаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Ер нь танай байгууллагын одоогийн чиг үүрэг юу вэ. Энэ асуудлаар яриагаа эхлүүлье?
 
-Манай байгууллага нь Шадар сайд Ц.Оюунбаатарын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг. Анх 2004 онд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэй байгуулагдаж байсан. Тухайн үед нэг хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй, 33 хүний орон тоотой байгууллага байсан.
 
Харин одоо 36 хүний орон тоотойгоор Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Сонгуулийн тухай хуулиудад хяналт тавьж, эдгээр хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулж ажилладаг.
 
Өрсөлдөөний тухай хуульд зааснаар тус байгууллага нь “Өрсөлдөөний хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” чиг үүрэгтэй. Олон улсын жишгээр бол өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийн асуудлыг ихэнхдээ тус тусдаа чиг үүрэгтэй хоёр өөр байгууллага хариуцан хэрэгжүүлдэг юм билээ.
 
Учир нь бодлогын хувьд зах зээлийн өрсөлдөөний асуудал нь нийт эдийн засгийн харилцааг зохицуулдаг. Иймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь зарим талаараа өрсөлдөөний бодлогод нөлөөлнө гэж үздэг. Олон улсын энэ жишгээр Засгийн газрын бүтцэд тус агентлагийн чиг үүргийг цаашид дахин авч үзэх нь оновчтой гэж миний хувьд боддог.
 
-Та харьцангуй залуу хүн. Энэ том салбарт ажиллахад агентлагт ямар асуудал тулгамдаж байна, түүнээс гарах гарцыг хэрхэн харж байна вэ?
 
-Шууд хариулахад, өнөөдөр манай байгууллагад тулгамдаж байгаа шийдвэрлэх асуудлууд нэлээдгүй байна. Эдгээрийг нэгтгэж харвал агентлагийн оновчтой бүтэц, чиг үүргийн зөв хуваарилалт, хүний нөөц, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож бэхжүүлэх явдал юм.
 
Манай агентлагийн үйл ажиллагааны цар хүрээ сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж, үндсэндээ 10 гаруй жилийн өмнөх нэг хуулийн хэрэгжилтийг хангаж байсан орон тоогоор бид өнөөдөр Монгол Улсын таван гол хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
 
Өөрөөр хэлбэл манай хамт олон Монгол Улсынхаа гурван сая иргэний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг, нийт эдийн засгийн зах зээлийн харилцаан дахь өрсөлдөөний бодлого зохицуулалтыг, мөн Монгол Улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний асуудлыг, дээр нь хууль бус зар сурталчилгаа болон сонгуулийн үйл ажиллагаанд тус тус хяналт тавьж ажилладаг гэсэн үг л дээ.
 
Энэ утгаараа агентлагийн нэг улсын байцаагчид ногдох ажлын ачаалал нь сүүлийн жилүүдэд хэд дахин их болж нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн байгууллагын үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд агентлагийн хэмжээнд нийт 2692 өргөдөл гомдол хүлээн авч 946 хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн.
 
Эндээс тооцоход нэг улсын байцаагчийн гүйцэтгэсэн хяналт шалгалт болон барагдуулсан өргөдөл гомдлын тоо жилдээ 173 болсон байгаа. Гэтэл манайхтай адил төстэй чиг үүрэгтэй гадаад орны өрсөлдөөний байгууллагууд, тухайлбал Японы шударга худалдааны хорооны зөвхөн Токио хот дахь төв 833 ажилтантай, нэг хэргийг 3-5 жил хянаж шалгадаг. Өнгөрсөн онд гэхэд найман хэргийг илрүүлж шийдсэн байдаг юм билээ.
 
Хэдийгээр Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуульд “хяналт шалгалтын ажиллагааг 60 хоногийн дотор явуулна. Шаардлагатай бол 30 хоногоор сунгаж, хянана” гэж заасан байдаг ч манай улсын байцаагчдын одоогийн ачаалал нь нэг хоногт нэг өргөдөл гомдлыг хянаж шалгах нөхцөл байдалтай ажиллаж байна.
 
Манай байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй ч нөгөө талаар ажилчдынхаа хөдөлмөрлөх нөхцлийг хангаж байх нь удирдах хүний хувьд бас нэг гол үүрэг гэж боддог.
 
Иймд би агентлагийн даргын хувьд байгууллагад тулгамдаж буй эдгээр нөхцөл байдлаас гарах хамгийн үр дүнтэй оновчтой зөв гарцыг агентлагийн бүтцийн оновчтой тогтолцоог улсын хэмжээнд бий болгож энэ байгууллагыг чадавхжуулах, хүний нөөцийг нь бэхжүүлж хөгжүүлэх, үүн дээр нэмэх нь хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэж хардаг.
 
-Хяналт шалгалтын ажлын ачааллыг шийдвэрлэхийн тулд улсын байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага байна гэж хэлж болох уу?
 
-Байгууллагын чадавхийг дэмжих утгаараа бол тийм ээ. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд төсвийн байгууллагуудын орон тооны асуудлыг бодит үндэслэл, нийгмийн хэрэгцээ шаардлагатай нь уялдуулан улс төржихгүй оновчтой тогтоох ёстой байх. Асуудлыг энэ өнцгөөс нь харж бодит нөхцөл байдлуудыг тайлбарлая л даа.
 
Манай хамт олон Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүх салбар, зах зээл, тэдгээрт үйл ажиллагаа явуулж буй зах зээлд өрсөлдөгч бүх аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний асуудлыг, мөн гурван сая иргэний хэрэглэгчийн эрхийн асуудлыг хуулийн хүрээнд хянан зохицуулах гэж чармайж ажилладаг. Энэ бол үнэндээ Засгийн газраас батлагдсан орон тоондоо ахадсан маш хүнд ачаа. Хүч тэнцвэргүй энэ хүнд ачааг чадан ядан үүрч яваа хамт олныхоо хөдөлмөр, хүчин чармайлтыг би энэ байгууллагын даргаар ирээд л ойлгосон.
 
Би хамт олноороо үнэхээр бахархдаг. Харьцангуй ганцхан салбарын зохицуулалтыг биднээс хэд дахин их хүний нөөц, төсөв санхүүгээр хэрэгжүүлж ажилладаг Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт төрийн байгууллагууд байдаг л даа. Тэгсэн байтал бид тэр салбарын зах зээлд үүссэн өрсөлдөгч, хэрэглэгчдийн гомдлыг ялгаагүй л хянаж шалган барагдуулж ажилладаг. Бас та сонссон бол манай агентлагийг зарим орон нутгийн өрсөлдөгч, хэрэглэгчид “Улаанбаатар хотын агентлаг” гэж хочилж, шүүмжилдэг. Үүнийг бас эсэргүүцэж, нуух ч аргагүй юм.
 
Өрсөлдөөний тухай хуульд “орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж заасан байдаг ч Засгийн газрын бүтцэд энэ агентлаг 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж ажиллахдаа орон тоо, төсвийн хязгаарлагдмал байдлын улмаас өнөөдрийг хүртэл орон нутагт бүтэцгүй, аймаг орон нутагт үйл ажиллагаагаа хангалттай хүргэж, үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа. Энэ бол бодит нөхцөл байдал юм.
 
Ер нь бол манай агентлагийн өрсөлдөөний хууль, тогтоомжийн хүрээнд хяналт тавьж ажиллах гол цөм нь аймаг, орон нутаг. Яагаад гэвэл Өрсөлдөөний хууль, тогтоомжоор тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай нь тогтоогдсон аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг.
 
Түүнд бид хяналт тавьж ажиллах хуулиар олгогдсон үүрэгтэй. Одоогоор бид орон нутаг дахь өрсөлдөөн ба хэрэглэгчийн асуудлыг 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга нартай гэрээ байгуулж, тэдэнд “давхар дээл өмсгөн” даатгаж яваа. Тэд маань бас маш их ачаалалтай ажилладаг учраас энэ бол үнэхээр оновчтой зөв шийдэл биш.
 
Мөн энэ байгууллага өрсөлдөгч, хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээс гадна үндэсний хэмжээнд өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсруулж хэрэгжүүлэх чухал үүрэгтэй. Монгол Улсын Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь олон улсын өрсөлдөөний гишүүн байгууллагын хувьд олон улсын жишгээр чадавхижиж, өсч хөгжиж ажиллах хэрэгцээ шаардлага байдаг.
 
Тиймээс би агентлагийн бүтцийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой сүлжээ бүхий босоо тогтолцоотой, зах зээлийн эдийн засгийн бүхий л салбар дахь өрсөлдөөний асуудалд хүрч ажиллах чадвартай орон тоо, хүний нөөцтэй байгууллага байх ёстойг чухалчлаад байгаа юм.
 
Аливаа улс орны зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөл бүрдэж тогтсоноор эдийн засгийн өсөлт хөгжил бий болж улмаар нийгмийн амьдрал эрүүлжин, иргэдийн сайн сайхан байдал дээшилдэг. Өрсөлдөөний бодлого зохицуулалтын энэ үр шимийг Монгол Улс, ард иргэд хүртэх эрхтэй. Энэ цаг мөч холгүй гэж би итгэдэг.
 
Та надаас манай байгууллагад нэмэгдүүлэх шаардлагатай байгаа улсын байцаагч нарын орон тоог асуулаа. Хөдөлмөрийн хуваарилалтыг агентлагт ирүүлж буй өргөдөл гомдлын тоо, түүнийг барагдуулах хуульд заасан хяналт шалгалт явуулах хугацаатай уялдуулж тооцвол зөвхөн Улаанбаатар хотод хяналт шалгалт хийж ажиллах улсын байцаагчийн хэрэгцээ шаардлага гэвэл 75 байх тооцоо гарч байгаа.
 
Үүн дээр удирдлага, байнгын ажиллагаатай хуралдаан, 21 аймагт ажиллах албадын орон тоо нэмэгдэж байж энэ байгууллага бүрэн бүтэн бүтэцтэй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой өрх тусгаар айл болно. Энэ том айлын чадамж, ажлын үр дүн удирдлагын менежмент, улсын байцаагч нарын ур чадвараас шууд хамааралтай. Тиймээс тэднийг тухайн салбар, зах зээлд нь дадлагажуулж мэргэшүүлж ажиллуулах хэрэгтэй юм билээ.
 
-Өнгөрсөн жилүүдэд танай агентлагаас олон албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
 
-Сүүлийн 2-3 жилд 50 гаруй албан тушаалтныг ажлаас нь халж сольсон тоо баримт байдаг. Нам эвслийн албан тушаалын томилгоогоор тухайн салбарт мэргэшин ажиллаж байсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халж чөлөөлөх нь төрийн албыг тогтворгүй болгож хүчгүйдүүлж байгаад анхаарал хандуулах ёстой.
 
Улс орныхоо хөгжлийг бодьё гэвэл аль ч нам, аль ч улс төрийн эрх баригчдаас үл хамааран төрийн байгууллагууд мэргэшсэн чадварлаг баг бүрдүүлэн төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөл боломжийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гэхдээ төрийн албан хаагчдын халаа сэлгээг хийж төрийн албыг тогтворгүй байдалд оруулдаг энэ үйлдэл нь тухайн байгууллагын даргын шийдвэр гэхээсээ илүү намчирхах болсон нийгмийн гажуудалтай шууд холбоотой.
 
-Танай байгууллагын талаар иргэд, аж ахуйн нэгжүүд ямар ойлголттой байдаг вэ. Хянаж шалгаж, торгууль тавьдаг газар гэж ойлгоод байх шиг санагддаг?
 
-Хуулийн хэрэгжилтийг хангуулж шалгах, зөрчил гаргасан этгээдийг торгох нь манай агентлагийн хуулиар олгогдсон эрх, үүрэг мөн үү гэвэл мөн. Бид хууль зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлагаа хүлээлгэдэг. Нэгэнт Монгол Улсын хуулийг зөрчсөн бол унасан хүүхэд уйлдаггүйтэй адил шударгаар хариуцлагаа хүлээх л ёстой.
 
Гэхдээ бид юуны өмнө торгохыг гол зорилгоо болгодоггүй. Өрсөлдөгч хэрэглэгчдийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг, хуулиа зөв ойлгуулж мөрдөж ажиллахыг сануулж ажилладаг. Мөн холбогдох хуулиудыг сурталчлан таниулах ажлуудыг хийдэг. Харамсалтай нь өрсөлдөгч, хэрэглэгчдийг соён гэгээрүүлж хуулийг сурталчлах ажлыг сэтгэлд хүртэл хийж чадахгүй байгаа.
 
Үүнийг нуугаад байх зүйлгүй. Энд үүсдэг гол  бэрхшээл бол нөгөө л төсөв санхүүгийн асуудал. Төсөв мөнгө хүрэлцээтэй бол манай хамт олонд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчин нөхцлийг хангах чиглэлээр улсын хэмжээнд үр дүнгээ өгөх, өргөн далайцтай сурталчилгааны ажлуудыг санаачлан хийж нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлж, эрүүлжүүлэх хүсэл зорилго маш их байгаа гэдгийг энд онцлон хэлмээр байна.
 
Соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээс гадна бидэнд бас хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр хийх шийдлээ хүлээсэн олон ажил байгаа. Тухайлбал, 2003 онд баталсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх боловсронгуй болгох.
 
Мөн 2010 онд шинэчлэн батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийг дагаж гарах шаардлагатай олон журам, гарын авлага, аргачлалуудыг боловсруулж мөрдөх  шаардлага байна. Үүнээс гадна манай агентлагт өрсөлдөгч хэрэглэгчидтэй уулзаж ярилцлага хийх, түүнчлэн хяналт шалгалтын явцад өрсөлдөгч хэрэглэгчдээс мэдүүлэг авах тусгай өрөө тасалгаа байдаггүй.
 
Өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс үндсэндээ манай нэг газрын бүх улсын байцаагчид нэг өрөөнд бөөнөөрөө сууж ажилладаг. Үүн дээр гомдол гаргасан бухимдсан өрсөлдөгч, хэрэглэгчид нэмэгдээд ажиллах нөхцөл үнэхээр хэцүү. Өөр бас нэг чухал асуудал нь бидэнд эдийн засгийн салбарын ангиллын хүрээнд тогтмол зах зээлийн судалгаа шинжилгээ хийж монополь болон давамгай байдалтай түүнчлэн тэр байдлаа алдсан аж ахуй эрхлэгчдийг тогтоож “зах зээлийн байнгын харуулыг” хийж түүнд дүн шинжилгээ хийж ажиллах орон тоо, хүний нөөц үндсэндээ алга байна.
 
Мөн гадаад орнуудын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаандаа ашигладаг хамгийн энгийн наад захын хэрэглээ нь болчихсон хэрэглэгчийн гомдлыг барагдуулж, бараа бүтээгдэхүүний хэрэглээ, чанар аюулгүй байдлыг шинжилж дүгнэлт гаргах зориулалт бүхий лаборатори манайд улсын хэмжээнд байхгүй байна. Энэ мэтээр яриад байвал нэлээд олон асуудал байгаа.
 
-Саяхан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хөгжлийн чиг хандлага” гэсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Гол хэлэлцсэн асуудлууд юу байв?
 
-Бид анх удаа байгууллагынхаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа чиглэлийн талаар тус агентлагийн өмнөх удирдлагууд болон бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй ярилцаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ маш чухал арга хэмжээ болсон.
 
Хэлэлцүүлгийг хийх гэж манай агентлагаас бүхэл бүтэн ажлын хэсэг гарч, агентлаг байгуулагдсанаас хойшхи 11 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэн дүгнэж, холбогдох дүн шинжилгээг хийсэн. Тэрхүү дүн шинжилгээндээ үндэслээд ШӨХТГ-ын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, олон улсын өрсөлдөөний байгууллагуудын туршлага, агентлагийн дунд хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эдгээр асуудал нь хэлэлцүүлгийн гол сэдэв болсон.
 
-Агентлаг хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсноор ямар давуу талыг олж авсан бэ?
 
-ШӨХТГ-ын цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагыг хэлэлцсэн нь тус агентлагийн Монгол Улсад өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого стратегийг дунд хугацаанд тодорхойлох чиг баримжааг олгосон. Энэ нь гол давуу тал болсон. Миний бодлоор байгууллагын дарга, удирдлага солигдох эсэхээс үл хамааран ШӨХТГ-ын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас үл хамааран Монгол Улсын өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтад тусгалаа олж дэлхийн зах зээлийн хурд хөгжлөөс Монгол Улс хоцрохгүй мөр зэрэгцэж өрсөлдөх чадвартай болж хөгжих учиртай. Энэ нөхцөл боломжийн эхлэлийг бид тавих гэж хичээн ажиллаж байгаа.
 
-Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд та цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Монгол Улсад өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зүгээс цэгцтэй, цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг бидний 10 гаруй жилийн ажлын туршлага, дэлхийн бусад улс орны хөгжлийн чиг хандлага нотолж байна. Иймээс дараах асуудлуудад онцлон анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэж бид үзсэн. Үүнд, нэгдүгээрт Өрсөлдөөний тухай хууль, бодлогыг боловсронгуй болгох юм.
 
Энэ хүрээнд бидний хийж эхлүүлээд байгаа том ажил бол ШӨХТГ-т Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр “Монгол Улсын өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа явдал. Уг төсөл 2015-2018 оны хооронд хэрэгжинэ.
 
Төслийн хүрээнд бид Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгох, зах зээлийн эдийн засагт үүссэн шинэ харилцаануудыг шинээр нэмж тусгах, эдгээртэй уялдуулан байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна. Төслийн үр дүнд мөн бид өрсөлдөөний үндэсний хөтөлбөрийг боловсруулна.
 
Олон улсын жишгийн дагуу өрсөлдөгч, хэрэглэгчдэд зориулсан өршөөлийн хөтөлбөрийг бас бодлогоор хэрэгжүүлнэ. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн этгээдэд тухайн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын хувиар тооцон торгууль ногдуулдаг зохицуулалтыг өөрчилж, зөрчлөө арилгасан болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамрагдсан байдал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үзэж торгуулийг үе шаттай ногдуулдаг байх, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг байх тогтолцоог бий болгох бодлогыг баримтална.
 
Мөн  одоогийн хяналт шалгалт судалгааны ажлын процедурыг илүү боловсронгуй болгож зах зээлийг судлах, картелийг илрүүлэх, нэгдэн нийлэх, өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанд дүгнэлт гаргахдаа улсын байцаагч нар баримталж ажиллах гарын авлага, журмуудыг олон улсын жишигт нийцүүлж нарийвчлан боловсруулахаар төлөвлөж байна.
 
Мөн зах зээлийн судалгаа болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Энэ ажилд зарцуулагдах төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тус агентлагаас оруулж байгаа торгуулийн тодорхой хувь байх зохицуулалтыг хуульд тусгах  гарцыг харж байгаа.
 
Түүнчлэн аймаг орон нутагт өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах албадыг ажиллуулж, улсын байцаагч нарт тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хуулиар тусгайлан зохицуулна. Мөн агентлагийн хараат бусаар хууль хэрэглэх чадавхийг бүрдүүлэх гээд   бодлого зохицуулалтын үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий.
 
Түүнээс гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчилнэ. Энэ хүрээнд бид бас тодорхой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлээд явж байгаа. Тухайлбал, ШӨХТГ-т Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар хооронд хэлэлцээрийн дагуу “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байна.
 
Уг төслийн хүрээнд бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, төрийн бо­лон төрийн бус байгууллага бизнес эрхлэгчдээр хэлэл­цүүлэн, хуулийн төслийг Засгийн газарт өр­гөн бариад байна. Энэ хуулийн төсөлд бид Европын хол­­бооны улсын жишигт ний­цүүлэн хэрэглэгчдэд зориулагдсан олон шинэ өөрчлөлтийг тусгасан.
 
Цаашид бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний бүтцийг улсын хэмжээнд бий болгох, хэрэглэгчийн гомдлоор үүсгэсэн маргааныг эвлэрүүлэн зуучлал ба арбитроор шийдвэрлэх, үүнд төрийн бус байгууллагын оролцоог хангах, мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад төрийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагын чиг үүргийн ялгаа, заагийг тодорхой болгож төрийн захиргааны хяналтын байгууллагыг нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудалд илүү анхаарч хяналт тавьдаг болох бодлого баримталж байна.
 
Мөн хэрэглэгчийн эрх ихээр зөрчигддөг худалдаа үйлчилгээний салбарт эрх зүйн зохицуулалтгүй байгаа болон тухайн зах зээлд шинээр үүсч буй хэрэглээ, үйлчилгээний харилцаануудыг  тухайлбал  интернэт болон  автомат машинаар хийх худалдаа, бараа бүтээгдэхүүн засварлах, суурилуулах үйлчилгээнд баримтлах эрх зүйн бодлого зохицуулалтуудыг боловсруулах зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Дээр дурдсанчлан байгууллагын болон хүний нөөцийн чадавхийг хөгжүүлж, бэхжүүлэх цогц асуудлууд бас байгаа үүнийг дахин ярилгүй үлдээе.
 
-Олон улсад танай байгууллага шиг адил төстэй чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага хэрхэн ажилладаг, тэдний туршлага, эдгээр байгууллагын улс орныхоо эдийн засагт үзүүлдэг хувь нэмэр нь юугаар хэмжигддэг юм бол ?
 
-Өрсөлдөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 16 агентлаг хамтран 2001 онд Олон улсын өрсөлдөөний байгууллагуудын холбоог үүсгэн байгуулсан байдаг. Өнөөдөр тус байгууллага нь дэлхийн 92 улс орны 104 байгууллагыг эгнээндээ элсүүлсэн дэлхийн хэмжээний  том сүлжээ байгууллага болж өргөжсөн.
 
Олон улсын энэ байгууллага нь шинээр үүсгэн байгуулагдаж байгаа болон бусад хөгжиж байгаа өрсөлдөөний байгуул­лагуудад Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх талаар мэдлэг, боловсрол олгох, олон улсын шилдэг туршлагуудыг сурталчлан таниулах, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь заавар, зөвлөмж өгөх, олон улсын өрсөлдөөний байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.
 
Энэ чиг үүргийнхээ хүрээндээ үйл ажиллагаагаа маш эрчимтэй явуулдаг. ШӨХТГ нь 2005 оны зургадугаар сард Олон улсын өрсөлдөөний байгууллагуудын холбооны 82 дахь орны 93 дахь гишүүн байгууллагаар элсэн орсон, идэвхтэй ажилладаг гишүүн байгууллагын нэг.
 
Бид жил бүр тус байгууллагаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөө, семинарт оролцож олон улсын туршлагыг судалж, өрсөлдөөний талаар хэрэгжүүлэх олон улсын бодлого чиглэл, зөвлөмжийг авч ажилладаг.
 
Тэр бүү хэл манай байгууллага 2009 онд Олон улсын өрсөлдөөний байгууллагуудын зүүн Азийн бүсийн удирдлагын төвшний тав дахь удаагийн хурлыг “Өрсөлдөөний бодлого” сэдвийн хүрээнд эх орондоо амжилттай зохион байгуулсан туршлагатай юм билээ. Өнөөдрийн байдлаар ШӨХТГ нь Европын холбоо, ОХУ, БНХАУ, БНКазУ, Индонези, БНСУ, БНТУ, Тайвань, Япон зэрэг улстай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.
 
Аливаа улс орон өрсөлдөөний бодлого болон хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх орчинг бүрдүүлснээр тухайн улс орны эдийн засаг эрчимтэй хөгжих, ард түмнийх нь амьжиргааны төвшин дээшилдгийг зах зээлийн зарчимд тулгуурласан эдийн засагтай улс орнуудын туршлага нотлон харуулсан байдаг.
 
Энэ ч үүднээс хөгжингүй улс орон бүрт шударга чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн бие даасан статус бүхий  маш хүчирхэг  өрсөлдөөний байгууллагууд ажиллаж байдаг. Харин өрсөлдөөний бие даасан байгууллагагүй улс оронд өрсөлдөөний асуудлыг хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг.
 
Өрсөлдөөний байгууллагуудын улс орныхоо эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийн талаар Та асуулаа. Хамгийн ойрын сайн жишээ, туршлага бол монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч байгаа БНСУ-ын жишээ юм. БНСУ нь 1980 оны арванхоёрдугаар сард Монополийн зохицуулалт, шударга худалдааны хуулийг анх баталсан гэдэг. Хууль батлагдсанаас хойш 10 жилийн дараа тус улсын эдийн засгийн өсөлт найман хувиар өссөн байдаг.
 
Эдийн засгийн энэхүү өсөлтийг БНСУ-ын Шударга худалдааны хороо нь бий болгосон гэж үздэг. Солонгосын Шударга худалдааны хороо нь одоогийн дэлхийд алдартай LG, Samsung гэдэг хоёр компаниа төрийн бодлогоор дэмжиж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний хэмжээний компани болж томроход нь нөлөөлсөн байдаг.
 
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар Австрали улс 2000 оноос өрсөлдөөний хуулийг эдийн засгийн үндсэн хууль болгон хэрэгжүүлснээр 2006 он гэхэд айл өрх бүрт ногдох орлого нь 7000 австрали долларт хүрсэн байдаг.
 
Үүнийг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Австрали улсад шударга өрсөлдөөний орчин бүрдсэнээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд нь сайн нөлөө үзүүлсэн гэж үзсэн. Мөн тус байгууллагын судалгаагаар өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлээгүй оронтой харьцуулахад түүнийг хэрэгжүүлсэн орны нэг хүнд ногдох орлогын өсөлт 1-2 хувиар дээгүүр байдаг гэсэн дүн гарсан байдаг.
 
Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч төрөөс өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, тус агентлагийн чадавхийг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлбэл Монгол Улсын эдийн засагт ч  өсөлт бий болж иргэдийн амьдрал дээшилж  хэрэглэгчийн эрх ашиг улам илүү хамгаалагдах ийм боломж байгаа гэдэгт би итгэдэг. Өрсөлдөөний зөв бодлого зохицуулалтын энэ үр шимийг Монгол Улс, ард иргэд, хэрэглэгчид хүртэх эрхтэйг  энд дахин хэлье.
 
-Ярилцсанд баярлалаа.  
 
Д.БАТ
Эх сурвалж: