sonin.mn
МИДАС төрийн бус байгууллагаас сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэх хүрээнд автоматжуулсан системийн мониторингийг хийж байна. 
 
2012 оны сонгуулиас эхлэн сонгогчдын саналыг автоматаар тоолох болсон. Энэ үеэс тус байгууллагынхан сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг хийж буй.
 
МИДАС ТББ-ын тэргүүн С.Энхжаргал, "Мониторингийн багийн өөрсдийн боловсруулж бэлтгэсэн болон ажлын хэсгийн бэлтгэсэн тестүүдийг санамсаргүй аргаар түүвэрлэн сонгосон төхөөрөмжүүд дээр хийлээ.
 
Сонгуулийн санал тоолох төхөөрөмжид хийсэн тестийн дүнгээс харахад санал тоолох машин алдаагүй ажиллаж байв. Мөн дүнгийн хуудас буюу билл дээр тухайн биллийг хэвлэсэн цаг хугацааг нарийвчлалтай хэвлэхээр зохицуулсан нь ач холбогдолтой юм” гэлээ.
 
Хяналтын дүнд техникийн тооллого хийх журмыг яаралтай баталж танилцуулах, хар машины үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулах, тестийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нээлттэй харуулах, цоорхой болон нугалсан саналын хуудас дээр ажиглагчид анхаарал хандуулах, санал тоолох машины талаар намуудын ажиглагчид болон олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ шаардлагатай гэж үзжээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг