sonin.mn
Туркийн Аялал жуулчлалын агентлаг (ТҮРСАБ)-ийн 12 төлөөлөгч Монголын аялал жуулчлалын байгууллагуудын урилгаар энэ сарын 22-30-ны өдөр манай улсад ажлын айлчлал хийлээ.
 
Тэдгээр төлөөлөгчид өчигдөр Туркийн Элчин сайдын өргөөнд болсон ажил хэрэгч уулзалтад оролцож, хоёр улсын хоорондох аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл, цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцов.
 
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз энэ үеэр Монгол Улс өөрийн түүх, ёс заншил, үзэсгэлэнт байгаль орчноороо анхаарал татах орнуудын нэг болохыг цохон тэмдэглээд хоёр улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих гэрээ болон Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компанийн нислэг чухал үүрэгтэй байдаг, цаашид ч онцлох үүрэгтэй гэдгийг онцоллоо.
 
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын дарга Б.Маргад тус уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Туркийн төлөөлөгчдийг Монгол Улсад хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа идэрхийлээд дэлхийд аялал жуулчлалын хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг болох Туркийн туршлагаас хуваалцах сонирхолтой байгаагаа хэллээ.
 
Харин ТҮРСАБ-ийн Захирагчийн зөвлөх Синан Халич Монгол Улсад хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Турк Улсаас илүү олон жуулчин Монгол Улсалд аялуулах сонирхолтой байна гэв.
 
Мөн төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Архангай, Өвөрхангай аймагт зочилж, Тэрэлж, Цонжин болдог болон Тоньюкукийн гэрэлт хөшөөг үзэж сонирхов. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг