sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Европын Холбооноос гарна гэсэн Их Британийн шийдвэртэй холбоотойгоор үүссэн тодорхойгүй байдлын улмаас Их Британи, Европын улсууд болон дэлхийн бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч магадгүй гэж Олон улсын валютын сан /ОУВС/ анхаарууллаа.
 
“Их Британийн ЕХ-ноос гарах шийдвэр туйлын тодорхойгүй байдал үүсгэсэн. Үүний улмаас ойрын хугацаанд Их Британи төдийгүй Европ болон дэлхийн эдийн засгийн өсөлт саарч болзошгүй” гэж ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс хэлэв.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ "санхүүгийн зах зээлийн хямралын нөлөө болон дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг сулруулах аюул заналхийллийг даван туулахад бодлого боловсруулагчид бэлэн байх хэрэгтэй. Шийдэмгий бодлогууд өөрчлөлт авчирна" гэлээ.
 
Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал тус улсын эдийн засаг 2017 онд 0.8 хувиар буурч магадгүй гэж бүх нийтийн санал асуулгын өмнөхөн ОУВС анхааруулж байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг