sonin.mn
Их Британи Европын холбоог орхих, Европ тивд террорист халдлагын нөхцөл байдал хүндэрч байгаа нь мөн АСЕМ-ын үеэр хэлэлцсэн халуун сэдвүүдийн нэг байлаа.
 
Төлөөлөгчид Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага дараалан гарч байгаатай холбоотой терроризмын бүх хэлбэрийг буруушааж, түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлсэн. Энэ тухай ч мэдэгдэл гаргасан юм. 
 
Энэ өдрийн үйл ажиллагаа АСЕМ-ын зочдод зориулсан “Нүүдэлчдийн наадам” Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилсэн. Наадмаар Монголын уламжлалт эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний өв соёлыг сурталчилсан язгуур урлагийн тоглолт, цамын бүжиг сонирхуулсан нь зочдод сонин содон байсан гэж болно.
 
Түүнчлэн Төрийн тэргүүний гоёл болох үндэсний дээл хувцас нь гадны зочдын нүдийг хужирлаж, гайхшруулсан. Энэ үеэр нүүдэлчин монгол ахуйг илтгэсэн  таван хошуу мал талд бэлчиж байсан нь ч наадмыг чимсэн өөр нэг онцлог байж чадсан. 
 
ХОЁР ТАЛТ 100 ГАРУЙ УУЛЗАЛТЫГ ХИЙЖЭЭ
 
Ази-Европын Дээд хэмжээний уулзалт дэлхий нийтийг цочроосон хоёр үйл явдалтай давхацсан юм. Эхний өдрийн хуралдааны өмнөхөн Францад  террорист халдлага болсон бол хоёр дахь өдрийн хуралдаан эхлэхээс хэдхэн цагийн өмнө Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан.
 
Энэ асуудал мөн л АСЕМ-ын үеэр анхаарал татсан сэдвүүдийн нэг байсан гэж болно. Хоёр жил тутамд болдог АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд тунхаг бичиг гаргадаг уламжлалтай. “АСЕМ Вилла”-д хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилсэн АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтын төгсгөлд Ази, Европын удирдагчид “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл”-ийг гаргасан юм.
 
Эдгээр тунхаг бичигт Ази, Европын хоорондын харилцан ойлголцлыг бий болгох, улс төрийн яриа хэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгэм-соёлын солилцоог нэмэгдүүлэх зэрэг бүс нутаг болоод дэлхийн төвшинд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.
 
Сингапур, Япон, Солонгос, Хятад зэрэг орны төр, засгийн тэргүүн Монголд албан ёсны айлчлал хийж, Төрийн гурван өндөрлөгт бараалхан, тодорхой яриа хэлэлцээ хийсэн нь АСЕМ-ын ач холбогдлыг илүү тод болгосныг дурдахгүй өнгөрч болохгүй. Товчхондоо, энэ өдрүүдэд Улаанбаатар дэлхийн дипломатын төв болж чадлаа.
 
50 гаруй орны төр, засгийн тэргүүн, сайд нар нэг дор цуглаж, Монголын төр, засгийн тэргүүнтэй уулзахаас гадна хоёр талын 100  гаруй уулзалтыг хийв. Тэр дундаа дэлхий дахинд халуун сэдвийн нэг болоод байгаа Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай хоёр талын уулзалт хийж санал солилцсон нь хэвлэлийнхэний анхаарлын төвд байлаа.
 
Хэдийгээр энэ удаад Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан дагуулсан арлууд, Солонгосын хойг зэрэг Азийн орнуудад тулгараад буй асуудлыг нарийн хөндөөгүй ч  уулзалтууд тодорхой хэмжээнд үр дүн, ач холбогдолтой болсныг албаны хүмүүс мэдээлсэн. Дашрамд дурдахад АСЕМ-ыг гадаад, дотоодын 700 гаруй сэтгүүлч сурвалжилснаас 612 нь олон улсын сэтгүүлч байв.
 
 
Жан-Клод Юнкер: МОНГОЛД БОЛСОН АСЕМ-ЫН УУЛЗАЛТ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ НЬ БАЙВ
 
АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг дүгнэж хурлын сүүлийн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фико, Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Киев, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер мэдээлэл хийсэн. Юуны өмнө тэд АСЕМ-ын 20 жилийн ойгоор тохиосон 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс өндөр төвшинд зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай явуулж өндөрлөж байна. Энэ хурлаас чухал шийдвэрүүд гарсан. Эхнийх нь Улаанбаатарын тунхаглал, удаах нь Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг. Энэхүү Дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэлээ. АСЕМ-ын уулзалтын өмнөх өдөр Францад аймшигт халдлага гарсан. Бид Франц улсын ард түмэнтэй, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Монгол Улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хүрээнд нийтдээ 62 уулзалт боллоо” хэмээн мэдэгдсэн.
 
Мөн Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск “Европын холбоо Ази тивтэй түншилж хамтран ажиллаж байгааг чухал гэж үздэг. Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг. Дэлхийн худалдаа болон ДНБ-нд эзлэх хэмжээ их. Тиймээс бидний чухал түнш юм” хэмээсэн бол Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Би өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцож байсан. Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа. Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч ийм байх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан нь үр дүнтэй байсан. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон процесс Монголд боллоо гэж хэлж болохоор байна. Бас Монголын нэр хүндийг маш их өргөж өгсөн хоёр хоног байлаа. Монгол бол том газар нутагтай улс гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа” хэмээсэн юм.
 
Хуралдааны төгсгөлд АСЕМ-ын 12 дахь уулзалтыг Бельгийн нийслэл Брюсель хотноо 2018 онд зохион байгуулахаар тогтсон тухай зарлав.
 
АСЕМ-ААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭВ?
 
АСЕМ өндөрлөлөө. Харин монголчуудад юу үлдэв гэх асуулт ар араасаа гарах нь зүй ёсных. Өөрөөр хэлбэл, бид улс төр, эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой байсныг аль хэдийнэ тооцоод эхэлсэн.
 
Монгол Улс АСЕМ-ыг зохион байгуулснаар олон улсын харилцаанд том “тоглогч” болохоо харуулах боломжийг алдалгүй ашигласныг туршлагатай дипломатууд онцолж байна. Энэ хэрээр Монгол Улсын гадаад бодлого тэлж, харилцаагаа өргөжүүлэх хаалга нээгдэж байгаа.
 
Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч урьдчилсан тооцоолол гарч.  АСЕМ-ыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан бол 20 мянга гаруй хүний хүч хөдөлмөрөөр АСЕМ-ын ард гарлаа. Мэдээж АСЕМ-ын бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэх нь гарцаагүй. Энэ нь дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөөр хэмжимгүй хөрөнгө оруулалт гэж болно. 
 
Уулзалт зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулсан нь бас л боловсон хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Үүний зэрэгцээ АСЕМ-ын нийт уулзалт, хуралд 5600 гаруй хүн гаднаас ирж оролцсон бол зөвхөн дээд түвшний уулзалтад 2600 гаруй зочин Улаанбаатарт ирсэн тоо гарчээ.
 
Энэ мэт Монголд үлдэж буй шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг тоочиж болно. Харин эдийн засагт орох бодит мөнгөн дүнг 8-10 сая ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцоог хийгээд байгаа юм. Ямартай ч Монгол АСЕМ-д бэлтгэх ажлыг жил хагасын өмнө эхлүүлсний ачаар амжилттай зохион байгуулсан хэмээн Ази, Европынхноор дүгнүүлэв.
 
Эх сурвалж: