sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Луизиана муж улсын Бейтон-Руж хотод цагдаа нарыг хөнөөсөн зэвсэгт этгээд отолт хийхийн тулд  цагдаа нарт утсаар хуурамч дуудлага өгсөн байж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Хар хувцастай, нүүрэндээ багтай зэвсэгт этгээд хүмүүсийг айлган сүрдүүлж байна гэсэн дуудлагыг цагдаа нар өнгөрсөн ням гарагт аваад хэргийн газарт очсон даруйд буудалцаан болж, гурван цагдаа  амь үрэгдэж, гурван цагдаа шархадсан юм.
 
29 настай, африк гаралтай Америкийн иргэн болох сэжигтэн Гэвин Лонг гэгчийг буудан устгажээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд ажиллаж байсан аж. АНУ-д энэ сард буу ашиглан хүний аминд хүрсэн хэрэг нэг бус удаа гараад байна.
 
Тодруулбал, энэ сарын 5-нд Бейтон-Руж хотод 37 настай, африк гаралтай америк залууг цагаан арьст хоёр цагдаа буудаж хөнөөсөн юм. Үүнээс нэг хоногийн дараа Миннесота муж улсад хар арьст жолоочийг нэгэн цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
 
Эдгээр хэрэг гарсны дараа цагдаа нарыг эсэргүүцсэн жагсаал Нью-Йорк, Вашингтон болон бусад хотод болсон юм. Жагсаалын үеэр Техас муж улсын Даллас хотод хар арьст нэгэн залуу 12  цагдааг буудан шархдуулж, таван цагдааг хөнөөсөн байна. Эдгээр хэргүүдийн улмаас арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал дахин хурцдаж эхэллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг