sonin.mn
 Алма-Ата хотод болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 15 сая тенге буюу 45 мянган долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гарчээ. Гэмтэж шархадсан хүмүүсийн ар гэрт 5 сая тенге буюу 15 мянган доллар өгөхөөр болсон байна. Энэ тухай Tengrinews.kz цахим хуудас хотын захиргааны мэдээллийг иш татан уламжиллаа.
 
Үүний өмнөхөн Алма-Ата хотын Дотоод хэргийн хэлтсийн төлөөлөгч Салтанат Азимбек хэлэхдээ, хохирогчдын ар гэрийнхэнд 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр олгож, оршуулгын зардлыг улсаас даана гэж мэдэгдсэн юм. Өнөөдөр Алма-Ата болон Астана хотын цагдаагийн ажилтнууд амиа алдсан нөхдийнхөө ар гэрийнхэнд нэг өдрийн цалингаа хандивлажээ.
 
Сануулан дурдахад, даваа гарагт Алма-Ата хотын Алмалийн районы цагдаагийн газар болон Үндэсний аюулгүй байдлын хэлтэс байрладаг байшин руу зэвсэгт этгээдүүд дайран орж, таван хүн, тэдний дотор цагдаагийн гурван ажилтныг хөнөөсөн байна. Халдлагын үеэр 8 шархадсаны зургаа нь цагдаа нар байжээ. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг