sonin.mn
МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг үерт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив болгон илгээж байгаагаа өчигдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
 
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна. Энэ судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв.
 
Өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон аж.
 
Үүнээс гадна “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас таван гэр, Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлажээ.
 
Эдгээр тусламжийг ачсан цуваа өчигдөр Баян-Өлгий аймаг руу хөдөлсөн байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг