sonin.mn
Шинэ Засгийн газар оновчтой бүтэц, хөрөнгө санхүүгийн нөөцийн зөв зарцуулалтаар л эдийн засгаа тогтворжуулж, цаашдын эрчимтэй хөгжлийн суурийг тавих боломжтой. Энэ хүрээнд барилга, хот байгуулалтын чиглэлээр салбарынхаа мэргэжилтнүүдийнхээ санаа бодлыг нэгтгэн хүргэж байна.
 
Нэг. Барилга, хот байгуулалтын салбарын тухайд:
 
Хот байгуулалт, барилгын салбарыг шинжлэх ухааны үндэслэлээр хөгжүүлэх нь чухал. Сүүлийн үед барилга, хот байгуулалтын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй хослуулах ажлыг бүрэн орхилоо.
 
Шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлд хэрэглэх тал дээр мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх эрдэм шинжилгээний байгууллага болж ажиллах зорилготой шинээр байгуулсан лабораторийг устгалаа. Одоо мөрдөгдөж буй Засгийн газрын тухай хуульд, (чиглэлийн) Барилга хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын сайд нь:
  • хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;
  • барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;
  • орон сууцны бодлого;
  • нийтийн аж ахуйн асуудал;
  • газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;
  • агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал
гэсэн хүрээнд ажилладаг.Үндсэн чиг үүрэгт нь шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаагнэмэх хэрэгтэй. Мөн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг нэмж оруулж хуульчлах хэрэгтэй байна.
 
Хоёр. Яамны нэрийн санал: Хот байгуулалт, барилга, дэд бүтцийн яам байх
 
Салбарын яам, агентлагийн зөв бүтэц хамгаас чухал. Өнгөрсөн хугацаанд Дэд бүтцийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын яам гэж нэртэйгээр ажиллалаа. Бодлогын яам байж чадсангүй. Сайдаар нь хэн ч хамаагүй ажилладаг, мэргэжлийн боловсон хүчнийг хоморголон халсан он жилүүд байлаа.
 
Дэд бүтцийн чухлыг хүн бүр ярьдаг. Тэгсэн атлаа хот байгуулалт, барилгын хөгжлийг л дагаж дэд бүтэц, зам тээвэр хөгждөгийг хэн болгон мэддэггүй. Одоо тэр зарчмаар явах ёстой. Хэрвээ хөгжүүлье гэвэл дэд бүтцийн бүх асуудал нь хот байгуулалт, барилгын хөгжлөө дагаж явах ёстой. Тэр зарчмаар бүтцийг хийх нь чухал юм.
 
Мөн барилга, хот байгуулалтын салбарыг салбартаа танигдсан мэргэжлийн удирдлагааар удирдуулах, салбарын шат шатны төрийн захиргааны байгууллагуудыг салбараа мэддэг, мэргэшсэн боловсон хүчнээр удирдуулахыг бид хүсч байна. Салбарын удирдлагыг томилохдоо салбарын мэргэжлийн ТББ-аас санал авдаг байх нь ардчилал мөн.
 
Манайд мэргэшсэн сайн менежер, удирдлагын туршлагатай боловсон хүчин хангалттай бий. Ерөнхийлөгчийн эсхүл Ерөнхий сайдын дэргэд архитектур, хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал эрхэлсэн орон тооны бүтэц бүхий алба ажиллах нь хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд өндөр ач холбогдолтой болох юм.
 
Гурав. Яам ба мэргэжлийн ТББ-уудын хамтын ажиллагаа
 
Яам өөрөө ТӨҮГ байгуулж бизнес хийдэгийг хориглох хэрэгтэй. Өнгөрсөн 4 жилд гэхэд төрийн захиргааны байгууллагын дэргэд улсын төсөвт үйлдвэрийн газруудыг хэдэн зуугаар нь байгуулсан. Манай салбарт л гэхэд эрх баригчид зөвхөн мөнгө олох зорилготой "Баригын хөгжлийн төв" ТӨҮГ байгуулж, Тусгай зөвшөөрөл, мэргэшлийн сургалт, зэрэг олгох, магадлалын ажил, мэргэжлийн орон тооны бус зөвлөл зэргийг өндөр ашигтай бизнес болгосон. Шинжлэх ухааны үндэсдлэлтэй хийгддэг архитектур, хот байгуулалтын бүх асуудлыг ойлгохгүй орхисон. Энэ алдааг засах хэрэгтэй.
 
Үүний оронд, харин ч төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлэх шийдвэрүүд анх 2010 онд гарч, хуульчлагдсаар байгаа атал өнөөдөр барилга хот байгуулалтын салбарт энэ ажил огт эхлээгүй явна.
 
Ер нь бол тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх, сургалт судалгаа эрхлэх, норм норматив боловсруулах зэрэг чиг үүргийг төрийн байгууллага нь хариуцаж байгаа нэрээр удаашруулж хүнд суртлыг нэмэгдүүлж салбарынхаа хөгжлийг бусдаас хоцроох шалтгаан болж байна. Тухайлбал, замын салбар мэргэжлийн холбооддоо ихэнхи үйл ажиллагаагаа шилжүүлсний үр дүнд захиалагчийн хяналт, захиалагчийн үйл ажиллагаа үндсэндээ зөвлөх үйлчилгээнд шилжиж, ахисан түвшинд ажлаа гүйцэтгэх боломж бүрджээ.
 
Өнөөдөр барилгын салбарт мэргэжлийн, зураг төсөл, барилга угсралт, материал, үнэ бүрдэл, өргөх механизмын гэх мэт 20 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэд бүгд чиг үүргээрээ ажиллаж чадахгүй төрд бүх зүйлээ булаалгасан хэвээр байна. Тэд салбарынхаа эрх ашгийн үүднээс хамтран, мэргэжлийн болон шинжлэх ухаан техникийн зөвлөл, судалгааны ажил, дүрэм журам боловсруулах зэрэг төрд дутагдаж буй бүх суурь үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна.
 
Өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарыг зөв залж хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын чадавхийг түшиглэн төр өөрийн чадавхиар гүйцэтгэх боломжгүй зарим ажил үйлчилгээ, чиг үүргүүдийг (мэргэжлийн сургалт, зэрэг дэв олгох, технологийн заавар батлах, норм норматив боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх гэх мэт мэргэжлийн чадамж шаардсан ажлууд) тэдэнд шилжүүлэх шаардлагатай. Олон улсын жишиг стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
 
2010-2012 оны хооронд боловсруулагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахгүй, хөрөнгө оруулалтыг шийдэхгүй, хийхгүй дөрвөн жил боллоо. Улаанбаатар хотын "Бүсчлэлийн тухай" хуулийг батлуулахыг ч хүссэнгүй.
 
2011-2012 онд Хотын удирдлагуудын АХБ тай хамтран эхлүүлсэн 2 дэд төв /Баянхошуу, Сэлбэ/ -ийн төслийн ажлыг хийсэнгүй.
 
Дөрөв. Суурьшлын хөгжлийн орон зайн ерөнхий төлөвлөлтийг яаралтай хийх шаардлагатай
 
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн амын суурьшлыг бүхэлд нь цогцоор авч үзэж боловсруулдаг төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, бүсчлэл, хот байгуулалт, нийгэм соёл, эдийн засаг, байгаль орчин, зам тээвэр, үйлдвэрлэл, дэд бүтцийн гэх мэт бүх салбарын төлөвлөлтүүдийг багтаасан орон зайн төлөвлөлтийн хамгийн дээд түвшний баримт бичиг юм.
 
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг Засгийн газар, ШУ-ны байгууллага яаралтай хийх шаардлагатай. Дунд болон богино хугацааны стратеги төлөвлөгөөнүүд, төсөл хөтөлбөрүүд, төсөв хөрөнгө оруулалтын бодлогууд боловсруулагддаг. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын эрчимтэй хөгжил, хамтын ажиллагааны бодлого гарна.
 
Үүнийг яаралтай хийх хэрэгтэй. 2014 онд "Үндэсний хороо" байгуулах Засгийн газрын тогтоол гараад орхигдсон, хэрэгжээгүй. Үүнийг шинэчлэн хийх хэрэгтэй. Монголын архитекторууд, хот төлөвлөгчид бидэнд энэ төслийг боловсруулах боломж, туршлага байгаа ба Монголын Архитекторуудын Эвлэл өөрийн хүч боломжийн хүрээнд судалгааны ажлыг хийж байна.
 
Тав. Салбарын хууль эрх зүйн орчны тухай
 
Барилгын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан боловч дагаж мөрдөх дүрэм журам нь өнөөдөр ч бэлэн болоогүй байна. мэргэжлийн холбоодын саналыг ч аваагүй байна. Энэ хууль зөвхөн барилга барих асуудлыг хагас дутуу зохицуулсанаас биш архитектур, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх тухайд шаардлага хангахгүй.
 
Дэлхийн хөгжсөн улс оронд хамгийн түрүүнд хэрэгжүүлдэг гол хууль болох "Архитектурын тухай" хуулийг шинээр боловсруулж, батлуулах шаардлагатай байна.Мөн дагаж мөрдөх олон дүрэм журам гаргах шаардлагатай байна. Хот гэхэд л хуулиас давсан олон журам 2013 оноос хойш гаргажээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
 
Хот төлөвлөлт ч, барилгажилт ч бүхлээрээ инженерийн шийдэл байх ёстой. Тийм учраас
 
эдгээрийг өөрчлөлт, шинэчлэлтийг УИХ, Засгийн газар ойлгож, хүлээн авч мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг нийт салбараа төлөөлөн 60 жилийн түүхтэй, барилгын салбарын ууган мэргэжлийн ТББ болох “Монголын Архитекторуудын Эвлэл”-ээс сонордуулан уриалж байна. 
 
Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч 
/Монгол Улсын хот төлөвлөлтийн зөвлөх архитектор/ Э.ХҮРЭЛБААТАР