sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс орон даяар гурван сарын онц байдал зарлахаа лхагва гарагт мэдэгдлээ. Цэргийн эргэлт хийхийг оролдох явцад олон зуун хүн амь үрэгдэж, 1500 гаруй хүн шархадсан юм.
 
Ерөнхийлөгч Эрдоган лхагва гарагт засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтарсан хуралдааны үеэр энэ тухай мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “аюул заналхийллийг дарахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байна” гээд “армид үүрлэсэн  “вирус”-үүдийг цэвэрлэх болно” гэжээ.
 
Туркийн Үндсэн хуулийн дагуу онц байдал зарлах эсэхийг тус улсын парламент эцэслэн шийдвэрлэх юм. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл онц байдлын хүрээнд Туркийн ард түмний үндсэн эрх болон эрх чөлөөг хязгаарлах ажээ.
 
Цэргийн эргэлт хийх оролдлогыг Америкт байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллены удирддаг хөдөлгөөн зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм.
 
Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн наад зах нь 8600 хүн, тэдний дотор армийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг баривчлан байцааж байна. Мөн цагдаа, эмч, төрийн захиргааны ажилтнууд зэрэг 50 мянга гаруй хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг