sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлаар анхны хэлэлцүүлэг хийлээ.
 
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэв.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн 9 дэх хэсгийн “Зам, тээврийн яам” гэснийг “Зам, тээврийн хөгжлийн яам” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нар Батлан хамгаалах яамыг Засгийн газрын бүтэц дэх чиглэлийн яамнаас гаргаж ерөнхий чиг үүргийн яаманд хамааруулах, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ, Т.Гантулга нар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтын “Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэснийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг бүдүүвчийн хавсралтын “Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар” гэснийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа” гэсэн хэсгийг хасч Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралт дахь Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад найруулгын чанартай зарим санал бэлтгэснийг байнгын хорооны гишүүд дэмжив.
 
Үүгээр тус байнгын хороо дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг