sonin.mn
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр мэдээллийн эхэнд “АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдлаа. Хурлаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж,  дүгнэлт гаргах онцгой комиссыг байгууллаа. Онцгой комисс дэргэдээ штаб байгуулж, сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн байгууллагуудад хандах, олон нийтэд мэдээлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм.
 
Өнөөдрийн байдлаар олон тойргуудад нэг өрх дээр гэр бүлийн гишүүн бус хүмүүс нэмэгдэн, сонгууль өгсөн нь батлагдаад байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нэг өрх дээр  гэхэд 51 сонгогчийг бүртгэсэн байна.
 
Ямар учраас сонгогчийг ийм байдлаар бүртгэв гэдгийг тогтоох ёстой. Энэ бол зарга хийж байгаа асуудал биш. Төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах гэсэн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох байгууллагаар шалгуулна”  гэв.
 
Мөн энэ үеэр АН-ын зүгээс МАН засгаа хэрхэн байгуулах үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. Л.Эрхэмбаяр цааш ярихдаа, "МАН төсвийн байгууллагын тоог цөөлж, төрийн албаны хуваарлилтыг оновчтой болгоно. “Давхар дээл”-гүй болгоно гэж ярьж байсан.
 
Гэтэл өнөөгийн орж ирсэн бүтцийн төсөл нь хэлсэн ярьснаасаа өөр байна. Дэд сайдын орон тоог нэмсэн, Төрийн өмчийн хороог дахин байгуулахаар болсон. Яамдын нэрийг өөрчилж, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг халж солих алхам хийх гэж байна. Хэрвээ үүнийгээ биелүүлэхгүй бол бид ард түмэн, бусад нам эвсэлтэй хамтран эсэргүүцлээ илэрхийлэх болно” гэв.