sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14:10 минутад эхэллээ.
 
Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцуулав. 
 
Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймээс Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр санал явуулахад олонхи дэмжлээ.
 
Ингэснээр Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байх аж.
 
Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байх юм.
 
Түүнчлэн Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулсан ба Тахарын албыг татан буулгасан байна. Чуулганы хуралдаанаар голлох хуулиудыг дагалдан өөрчлөлт орж буй  40 гаруй хуулийн төсөл бүр дээр санал хураалт явуулснаар чуулганы хуралдаан өндөрлөв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг