sonin.mn
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жилээр гаргасан байна.
 
Тайланд Монгол Улсын хувьд гадаад сектороос ирэх сөрөг нөлөөлөл, төлбөрийн тэнцлийн шокийн эдийн засагт үзүүлэх нөлөөг зөөлрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд макро эдийн засагт тохиргоо хийх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн.
 
Дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнэ унаж, үүнийг даган уул уурхайн салбарт хийх гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж буурсан сүүлийн жилүүдэд дотоодын эдийн засагт үүсээд байсан илүүдэл эрэлт хумигдан төлбөрийн тэнцлийн нийт алдагдал тодорхой хэмжээгээр буурч эдийн засгийн гадаад тэнцвэр хангагдах нөхцөл бүрдлээ.
 
Хэдий тийм боловч эдийн засагт дотоод эрэлт хумигдснаар бодит эдийн засгийн өсөлт 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.3 хувь байсан бол 2016 оны нэгдүгээр улиралд 3.1 хувьд хүрчээ.
 
Эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарч, дотоодын эдийн засаг гадаад зах зээлээс өндөр хамааралтай байсаар байгаа нь манай улсын санхүүгийн салбар, түүний тогтвортой байдалд эрсдэл, сорилтыг нэгэн зэрэг авчирч байгааг дурджээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг