sonin.mn
АБУ-ДАБИ. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид бямба гарагт Сирийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцыг буудан сөнөөсөн тухай Катарын “Al-Jazeera” телевиз мэдээлсэн байна.
 
Байлдааны онгоц Сирийн төв нутгийн Хама мужийн Салмияа хотын ойролцоо унажээ. Телевизийн мэдээлснээр, босогчид уг онгоцыг зенитийн их буугаар буудан сөнөөжээ.
 
Өмнө нь гуравдугаар сарын 13-нд Сирийн Агаарын цэргийн хүчний бас нэгэн онгоц цэргийн баазад газардах үедээ осолдсон билээ. Ослын үеэр нисэх онгоцноос шидэгдсэн нисгэгчийг босогчид хөнөөжээ.
 
Сирийн Засгийн газрын хүчний хамгаалалтын шугам Салмияа хотод байрладаг. Харин “Лалын улс” бүлэглэлийн босогчид ишмэилчүүд голдуу оршин суудаг тус хот руу олон удаа давшсан боловч Сирийн арми, сайн дурынхан тэдний халдлагыг хэд хэдэн удаа няцаажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг