sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербург хотод уулзана гэж Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Симсек мэдэгдэв.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Туркийн тал ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр улсын харилцаа муудсан билээ. Энэ үеэс харилцааг хэвийн болгох ажиллагаа эхэлснээс хойших анхны уулзалт нь энэ болох юм.
 
Мехмет Симсек ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичтой Москва хотноо уулзахаасаа өмнө “хоёр орон харилцаагаа яаралтай хэвийн болгох хүсэлтэй байгаа” гэж мэдэгджээ.
 
“ОХУ бол манай стратегийн чухал түнш юм. Бид харилцаагаа сайжруулж, 11 дүгээр сарын 24-ны хэрэг явдал болохоос өмнө тогтоосон харилцаанаас илүү өндөр түвшинд гаргах болно" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Харин Дворкович хэлэхдээ, бид үр дүнтэй яриа хэлцээ хийж, хоёр орны харилцааг сайжруулах зорилготой гэж мэдэгджээ.
 
Энэ сарын 15-нд Туркт цэргийн эргэлт хийх оролдлого болох үеэр Туркт дэмжлэг үзүүлсэнд Симсек ОХУ-д талархал илэрхийлсэн байна. Дворкович хариуд нь "ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газрын эсрэг цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын тухайд хэлэхэд, Орос улс Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг зохицуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа" гэжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг