sonin.mn
 
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Өнөөдөр болох Энэтхэг улсын үндэсний баяр буюу Тусгаар тогтнолын өдөрт зориулсан ёслолын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд маш хатуу чанд арга хэмжээ авч байна. 
 
 
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, террорист халдлага гарч болзошгүй хэмээн тагнуулын байгууллагаас анхааруулсны дагуу Шинэ Дели хотын гудамж талбайд 50 мянга гаруй цагдаагийн болон цэргийн албан хаагчид эргүүл хийж байна.
Ялангуяа 17 дугаар зууны үед баригдсан түүхэн дурсгалт газар болох Улаан цайзын эргэн тойронд хамгаалалтыг эрс чангатгажээ. Энэ цайзын хананы дэргэд Тусгаар тогтнолын өдрийн ёслолын гол арга хэмжээнүүд болдог юм. 70 жилийн өмнө Энэтхэгийн анхны Ерөнхий сайд асан Жавахарлал Неру цайзын хананы дэргэд жагссан хүндэтгэл харуулын өмнүүр явж мэндчилснийхээ дараа улс үндэстэндээ хандан үг хэлсэн нь өдгөө уламжлал болон тогтжээ.
 
Энэхүү ёслол болох бүсийг аюулаас хамгаалах хүчний 15 мянган гаруй албан хаагчид найман давхар тойрог үүсгэн хамгаалж байна. Өндөр барилгуудын орой дээр мэргэн буудагчид байраа эзэлснээс гадна агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг байрлуулжээ. Улаан цайз орчмын агаарын орон зайд нислэг үйлдэхийг бүтэн өдрийн хугацаагаар хориглосон байна. Энэ бүсэд зөвхөн цагдаагийн нисдэг тэргүүд болон нисгэгчгүй аппаратууд эргүүлийн нислэг хийж байна. 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг