sonin.mn
Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэцэтгэх болон Бүгд Найрамдах Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулах цэргийн багуудын бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа ёслон хүндэтгэл үзүүллээ.
 
Энэхүү ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Афганистан, Уганд улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
 
 
 
 
 
Афганистан улс дахь Олон үндэстний эвслийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны АНУ-ын тэргүүлсэн “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй IV ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд ЗХЖШ, Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн албан хаагч багийн захирагч дэд хурандаа Н.Ууганбаяр удирдлага дор үүрэг гүйцэтгэх юм.
 
 
Харин Угандад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 8 дугаар ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэх бөгөөд багийн захирагч, дэд хурандаа Г.Наранхүүгийн удирдлага дор нэг жилийн хугацаатай тус улсын Дарфур мужид ажиллана.
 
Энэ хоёр баг нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай дадлага, чадварыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааг хангах, тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулахад чиглэгдсэн сургалт дадлага хийж, үе шаттай сургалтанд хамрагдсан байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний шилдэг бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон энхийг сахиулагч цэргийн албан хаагчдын тухайн улс оронд очиж хэрхэн үүрэг гүйцэтгэх талаар энэ удаагийн багийнхан болон ар гэрийнхэнтэй хийсэн сонирхолтой ярилцлага, сурвалжлагыг үргэлжлүүлэн толилуулах болно.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг