sonin.mn
XX зууны Монголын сэхээтнүүдийн нэг, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчин болох Мэргэн гүн Гомбожавын мэндэлсний түүхт 110 жилийн ойд зориулан түүний үр хойч, хамаатнууд нь санаачлан өнөөдөр “Мэргэн гүн Гомбожав: Амьдрал өв” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
 
Гомбожав нь 1906 онд Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны Агьт хэмээх газар мэндэлж, 36 наслахдаа засаг ноёноос оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, аспирант, судлаач эрдэмтэн хүртэл ажиллаж, эцэст нь Их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1940 онд тухайн үеийн ЗСБНХУ-ын Зүүн хойт лагерьт нас баржээ.
 
Тэрбээр тухайн үедээ гадаадын сургуульд хамгийн олон удаа суралцсан нэгэн байсан бөгөөд судалгааны өгүүлэл, шүүмж бичиж, орчуулга хийж, Монголын түүхийн сурвалжийн судалгаа хийж байжээ. Түүгээр зогсохгүй дэлхийн монголч эрдэмтэдтэй багш шавийн харилцаа тогтоож, өрнө дахинд монгол судлалын эхийг тавилцаж, судалгааны ажил хийж байсан Монголын анхны эрдэмтэн судлаач юм. Тухайн үеийн Монголдоо боловсролтойд тооцогдож байсан хүмүүсийн дотор хамгийн олон буюу Манж, Хятад, Төвд бичигтэй, Орос, Герман, Англи, Франц хэл судласан эрдэмтэн байсан гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.
 
Гомбожав нь Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошуу (одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум)-ны Засаг ноён Мөнх-Очирын хүү бөгөөд тус хошууны ноёны угсаа залгамжилсан сүүлчийн хүн байжээ. Мөнх-Очир хүүгээ угсаа залгамжлагчаар өргөмжилж Номч мэргэн бандид лам Тарва гэгээн Агваанчойнжуурдондов \1870-1927\-т шавь оруулсан байна. Мэргэн гүн багшаасаа Монгол бичиг, Манж, Төвд хэл, Хятад бичигт суралцаж, түүх шастир уншиж судалж байсан гэдэг. Гомбожав 1923 онд эцгээ өөд болоход 17 настайдаа засаг ноёны хэргэм зэргийг залгамжилсан бөгөөд нутгийн угсаа гаралтай тайжийн охин Туваансүрэнг богтолж, гэр бүл болсон ч удалгүй салсан хэмээн ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Н.Хишигт илтгэлдээ дурьдав.
 
Тэрбээр, “1924 онд анхны Үндсэн хууль батлан Бүгд Найрамдах засаг тогтоосны дараа М.Гомбожав Бүгд Найрамдах засгийг талархан дэмжиж гүн хэргэмээсээ сайн дураараа татгалзаж, Дотоод яаманд өөрийн хүсэлтийг ёсоор болгон батлахыг хүссэн өргөдөл бичсэн байдаг. Нийслэл хүрээнд оюутны сургуульд \1923 оны арванхоёрдугаар сарын 25-нд багш нарыг бэлтгэх түр курсыг оюутны түр сургууль болгожээ\ элсэн орсноор гэрийн сургуулиас шинэ цагийн шинжлэх ухааны боловсрол эзэмших зам нь нээгдсэн ажээ.
 
Нийслэл хүрээнд ирснээсээ хойш бичгийн мэргэн О.Жамьян гүн, Ч.Бат-Очир хурц нартай танилцаж, Судар бичгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуулж өгөх, орчуулах зэрэг ажил хийж байснаас гадна Монгол Улсад музей байгуулахад хувь нэмрээ оруулж, Цэцэрлэгмандал аймгийн Рашаант уулын хошууны оюутан Гомбожав элдэв чулуу өгч байсан. Оюутны сургуулиа дүүргээд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж улмаар 1925 онд ЗХУ-ын Ленинград \Одоогийн Санкт-Петербург\ хотод Дорно дахины хэл бичгийн сургуульд суралцсан байна.
 
1926 онд сургуулиа төгсч ирээд мөн л хүрээлэндээ ажиллаж Ч.Бат-Очир, Бадамжав нарын хамт Хятад улсын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын эх түүхийн холбогдолтой ном судар цуглуулах тусгай томилолтоор явж байжээ. М.Гомбожав сурах мэдэхийн хойноос уйгагүй зүтгэдэг, цаг наргүй ажилладаг байсан нь хаана ч сурч байсан давхар судалгааны ажилд байнга оролцож байснаас харагдана.
 
М.Гомбожав нь 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комиссын гишүүнээр ажиллаж, тухайн комиссоос хэвлэн гаргаж байсан нэр томъёоны цувралыг бэлтгэхэд оролцож байснаас гадна Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор 1930-1933 онд Буриад Монголын шинжлэх ухааны хүрээлэнд судалгааны ажил хийж, нэр томьёоны толь бичиг зохиоход оролцож, 1930 онд Улаан-Үд хотноо Буриадын шинжлэх ухааны хүрээлэнд Н.Поппегийн удирдсан экспедицид ажиллаж буриадын бөөгийн шашны талаар судалгаа хийж байжээ.
 
1933 онд эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд тайлбар толь зохиох комиссын гишүүнээр ажиллажээ. М.Гомбожав эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийхээ хэл, түүх соёлыг шинжлэх ухааны шинэ арга барилаар судлахад эрдэм мэдлэг асар их ач холбогдолтойг хатуу ойлгосон хүн байсан” хэмээв.
 
 
М.Гомбожавыг ЗСБНХУ-д суралцаж байхад нь 1937 оны наймдугаар сарын 11-нд эх орноосоо урвасан хэмээн үзэж, улс төрийн хилс хэргээр дайчлан баривчилсан байна. Тус улсын ДХАК-ын дэргэдэх Онцгой зөвлөлөөс Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт 8 жилээр хорих ял оноосон бөгөөд М.Гомбожав 1940 оны наймдугаар сарын 17-нд Зүүн хойт лагерьт өвчний улмаас нас нөгчсөн байна. 1956 оны 12 сарын 08-ны ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хурлаар М.Гомбожавт тулгасан хэрэг нь үндэслэлгүй хэмээн үзэж, хүчингүй болгосон байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг