sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос өнөө өглөө Япон тэнгис руу шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын армийн албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, Сөүлийн цагаар үүрийн 5:30 цагт Хамгён аймгийн зүүн эргийн Шиньпу хотоос холгүй газраас пуужинг харважээ.
 
Пуужин 500 орчим км зам туулаад Япон тэнгист унасан байна.
 
Цөмийн зэвсэг хийж байж магадгүй гэгдэж буй Умард Солонгосыг ямар ч баллистик пуужин харвахыг НҮБ хориглоод байгаа билээ.
 
Гэсэн хэдий ч Умард Солонгос удаа дараа пуужин харвасаар байна. Тухайлбал, өнгөрсөн сард мөн Шиньпугийн ойролцоогоос Япон тэнгис рүү шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан юм.
 
Өмнөд Солонгосын албаны хүмүүс долдугаар сард мэдэгдэл хийхдээ хэлэхдээ “Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан боловч амжилтгүй боллоо” гэж байсан билээ.
 
АНУ болон Өмнөд Солонгос энэ даваа гарагаас жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа хийж эхэлснийг эсэргүүцэн Пхеньян пуужин харвалаа гэж ажиглагчид үзэж байна.
 
Пхеньян хамтарсан цэргийн сургуулилтыг “өдөөн хатгалга” гэж тодорхойлоод, “манай улсын газар, далай тэнгис болон агаарын орон зайд нэвтэрч, түрэмгийлэх гэсэн өчүүхэн төдий үйлдэл гаргавал хариуд нь цөмийн цохилт өгөх болно” гэж заналхийлсэн юм.
 
Умард Солонгос дахин пуужин харваж болзошгүй гэж АНУ болон Өмнөд Солонгос болгоомжлон сонор сэрэмжээ дээшлүүлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг