sonin.mn
Ховд аймгийн Засаг дарга  Д.Галсандондогтой  цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ажлаа аваад хамгийн түрүүнд ямар зүйл төлөвлөв. Бичин жилийн өвөл учраас хаа сайгүй болгоомжилж байх шиг?
 
-Шинээр ажил аваад тулгамдсан олон асуудалтай нүүр туллаа. Хамгийн гол нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төсвийн хэмжээнд үүссэн өр авлагыг багасгах, аймгийнхаа санхүүг сайжруулах асуудлуудыг нэн тэргүүнд цэгцлэх шаардлагатай байна.
 
Энэ чиглэлээр Засгийн газар болон аймгаас гарсан тогтоол шийдвэрийг дагаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгаврыг гаргасан. Энэ жил манай нутагт урьд хожид болоогүй сайхан зун болсон учраас хадлан, тэжээл бэлтгэхэд хүндрэл бага байна. Мөн малчид хадлангаа хангалттай хэмжээнд авчихдаг туршлагатай. Аймгийн хэмжээнд гурван сая гаруй мал өвөлжинө. Бэлчээрээ зөв хуваарилах, отор нүүдэл хийх хэмжээнд зохион байгуулалт хийж байна. Жил бүр өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж малчдаа дэмжиж ажилладаг.Уул, нуур, голын түвшинд хадлан хадах ажлыг эхлүүллээ. Нуурын ус нэлээд их байгаа учраас энэ асуудал жаахан хүлээгдсэн. Өвс, тэжээлийн зохих хэмжээний нөөц бий. Энэ өвөл цас их орж магадгүй учраас нэлээд анхаарч ажиллаж байна.
 
Нүүрс, түлээний хувьд хоёр уурын зуух бий. Төсвийн байгууллага дээр уурын зуухны нэг нь  370, шинэ нь 170 сая төгрөгийн өр авлага үүссэн. Сангийн яам зэрэг холбогдох яамдад санал тавьсан. Төсвийн тодотголоор шийдвэрлэвэл засвар үйлчилгээ, нөөц татан авалтыг хийнэ.
 
-Бусад аймгуудыг бодвол Ховд хот нийслэлээс дутахааргүй утаатай шүү?
 
-Манай аймаг 30 гаруй мянган хүн амтай том хотуудын нэг. Аймгийн төв хонхорт байрладаг учраас утаа ихтэй. Энэ нь  эргээд хүүхэд, эмэгтэйчүүд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бэрхшээл бий. Тиймээс утааг бууруулах чиглэлээр Байгаль орчны сайдтай санал солицлоо. Цаашид иргэдээ эрүүл орчинд амьдруулах мөн энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэгдсэн халаалтын системийг нэвтрүүлэх, нүүрс түлээний асуудалд ч анхаарах зэргээр төлөвлөсөн зүйл байна.
 
-Зарим аймагт кг өвсний нөөцгүй болтлоо төсөв хүндэрснийг Засаг дарга нар хэлж байна. Танай аймгийн хувьд төсвийн бүрдүүлэлт хэр байна?
 
-Улсын төсвөөс гадна тодорхой хэмжээнд үйлдвэр аж ахуйн газруудаас орлого бүрдүүлэх ажил зохих хэмжээнд хийгдэж байна. Томоохон нүүрсний уурхай, хил гаалиас орлого бүрдүүлдэг. Орлогын ерөнхий төлөвлөгөө биелэх хандлагатай байгаа. Ер нь цаашид аймаг бие даасан байдлаар санхүүгийн асуудлаа шийдэж байхад анхаарах ёстой. Заавал улсын татаас харахгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж малын гаралтай түүхий эдийг бүрэн дүүрэн ашиглаж, экспортод гаргах чиглэлийн ажлыг хийнэ.
 
-Дарга солигдохоор халаа сэлгээ, томилгооны ажил хийгддэг гэсэн хэл ам их гардаг. Таны хувьд төрийн залгамж чанарыг хэрхэн авч явах вэ. Томилгооны асуудал дээр ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлах вэ?
 
-Төрийн албан хаагчдын хувьд ажлаа мэддэг, ажлаа сэтгэлээсээ хийдэг үе үед ажиллаж байсан боловсон хүчин байх ёстой. Түүнээс улстөржүүлэх байдлаар хүмүүсийг халж солих байдал аль болох гаргахгүйн төлөө ажиллана. Одоогийн байдлаар улстөрийн ганц хоёр албан тушаалтан, Тамгын газрын дарга гэсэн өөрчлөлт хийгдсэн. Бусад агентлаг, хэлтсийн түвшинд бүтцийн өөрчлөлт орж байгаагаас бусдаар үүргээ гүйцэтгээд явж байгаа төрийн байгууллагын албан хаагч, ажилтнуудыг халж солихгүй. Хамгийн гол үзүүлэлт бол ажилдаа тэнцэж, ажлаа мэдэж байх ёстой. Түүнээс үзэл бодол, намын харъяаллаар ялгаварлахгүй. Төрд ажиллах чиглэлд өөрийгөө туршлага бий гэж боддог. Сайн боловсон хүчин аль ч төрийн үед хэрэгтэй. Ялангуяа хязгаар нутагт амьдарч байгаагийн хувьд олон жилийн туршлагатай сайн боловсон хүчинг улс орныхоо, бүс нутгийнхаа хөгжлийн төлөө дайчилна.
 
-Та өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан төрийн ажлыг сайн мэдэх хүний хувьд өнгөрсөн хугацаанд аймгийнхаа хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Үе үеийн Засаг дарга нар бодитой олон ажлыг хийж ирсэн. Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв учраас манай аймгийн хөгжлөөс бусад аймгийн хөгжил хамаарна. Бусад аймгууд Ховд аймаг руу татагддаг. Тиймээс аймаг орон нутгаа баруун бүсийн төв болгон хөгжүүлэх нэгэн зорилго, сэтгэл санааны үүднээс ажиллаж ирсэн. Ховд аймаг бол дэд бүтэц, нийгэм соёлын чиглэл гээд хийсэн, цөөнгүй асуудлыг шийдэж ирсэн аймгийн нэг. Гэхдээ цаашид эрчим хүчний асуудлыг хараат бус байлгах, авто замуудаар холбох ажлыг үргэлжлүүлнэ, залуусын соёл боловсролыг дээшлүүлэх үүднээс соёл боловсролын төв барих зэргээр томоохон бүтээн байгуулалтын ажил хийнэ. Ялангуяа Эрдэнэбүрэн сумын  65 мянган мегаваттай усан цахилгаан станцыг барих зайлшгүй шаардлага тулгарч байна.  
 
-Эдийн засаг хүндэрч ирэх дөрвөн жил улс орон даяар бүсээ чангална. Та аймагтаа хэмнэлтийг хаанаас нь хэрхэн эхэлье гэж бодож байна вэ?
 
-Төр захиргааны байгууллагуудын дунд хэмнэлт хийнэ. Орон тоо, бүтэц данхар байдгаас үргүй зардал гардаг асуудлыг хянаж үзэх ёстой. Засгийн газар, Сангийн яамнаас ч гэсэн ийм үүрэг чиглэл өгч байна. Үүнд цаашид судалгаатай хандана. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн ч юм уу дулаан цахилгааны зардлыг хэмнэх боломжгүй. Харин эрүүл ахуйн шаардлага хангасан түвшинд зохицуулах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хувийн хэвшил рүү хандаж, хамтарч ажиллах нь зүйтэй. Мал аж, ахуй,жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд бүтээн байгуулалт хийж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой.
 
-Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар тулгамдсан асуудлаа ярих, төсвийн тодотголд санал нэмэрлэх зэргээр өнгөрсөн өдрүүдэд багагүй хурал зөвлөгөөнд суулаа. Хэр үр дүнтэй болов. Мөн аймгийнхаа ирэх дөрвөн жилийн  хөгжлийн төлөвлөгөөнөөс танилцуулбал?
 
-2016 оны тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөл цаашид  Засгийн газрын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Ховд аймгийнхны тусгах саналыг нэгтгэж өгсөн.Энэ хүрээнд томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана. Гол нь оновчтой зөв төлөвлөж хэрэгжих ажлуудаа л барьж авах ёстой. Ганган нэртэй мөрөөдлийн жагсаалтын хойноос хөөцөлдөөд хэрэггүй гэж бодож байна. Хүмүүсээ ажлын байртай, орлоготой байлгах  ёстой. Нөгөө талаар миний бодож хэрэгжүүлэх нэг зүйл бол архидалттай хатуу тэмцэнэ. Архи уудаггүй гэр бүлийн гишүүдтэй ажиллана.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин