sonin.mn
Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Шүтээн зураг” үзэсгэлэн болон “Монголын урлаг” цомгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Чойжин ламын сүм музейд боллоо.
 
Үзэсгэлэнд монгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуу бүтээж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын адистид оршсон шилдэг бүтээлүүд багтжээ.
Очирваань, Эрлэг номун хаан, Гомбо, Хот мандал, Ногоон дарь эх, Улаан сахиус зэрэг 10 гаруй хосгүй үнэт бүтээлийг анх удаа олон нийтэд сонирхуулж буй юм.
 
Мөн энэ үеэр Монголын урлагийн эх өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цутгамал, модон сийлбэр, хөөмөл, цаасан шуумал, шүтээн зураг, зээгт наамал, уран хатгамал зэрэг монголын урлагийн сор бүтээлүүдээс дээжлэн бүтээсэн нийт 7 бүлэг бүхий "Монголын урлаг" цомгийг англи хэлээр хэвлүүлснийг танилцуулав. Эл цомгийг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон хүндэт зочдод бэлэглэсэн бөгөөд албан ёсны нээлтээ ийнхүү хийж байна.  
 
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн  “Манай музейн хамт олон өмнө нь музейн сан хөмрөгт хадгалагдаж буй жижиг үзмэрийн цомгуудыг гаргаж байсан. Харин музейн үзмэрийн сан хөмрөгийн 70 орчим хувийг танилцуулсан том хэмжээний цомгийг анх удаа гаргаж байгаараа онцлогтой” гэв.
Үзэсгэлэн ирэх сарын 09-нийг хүртэл оны хүртээл болно.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг