sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарах нь нэмэгдсээр байгаатай холбоотойгоор Энэтхэгт зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан таксины үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна.
 
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын нэгэн ТББ-ын таксины компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан таксины үйлчилгээ эрхэлдэг аж.
Тус компани мэдэгдэхдээ “манай таксигаар үйлчлүүлэгчдийн тоо таван жилийн өмнөхөөс бараг 7 дахин нэмэгдсэн. Эмэгтэйчүүд ажлаасаа гэр рүүгээ харихдаа эсвэл орой үдэш дэлгүүр явахдаа голчлон манай таксиг сонгодог болсон” гэв.
Мөн тус улсын арилжааны хамгийн том хот болох Мумбай болон Бангалор хотын таксины үйлчилгээ эрхэлдэг компаниуд эмэгтэй жолоочдыг ажилд авах нь нэмэгджээ.
 
2012 онд Шинэ Дели хотод 22 настай оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан хуулиа чангатгасан хэдий ч Энэтхэгт бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт буурахгүй байна.
2016 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын дунд үе хүртэл ийм хэрэг гарсан 1400 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг