sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. “USS Иллинойс” гэдэг нэртэй "Виржиниа" загварын 2.7 тэрбум долларын өртөг бүхий шумбагч онгоцыг таван жил хагасын хугацаанд барьж угсарсны эцэст АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн  өгсөн  тухай  Military.com –д мэдээлжээ.  
 
10 дугаар сарын 29-нд Коннектикут муж улсын Гротон хотод уг шумбагчийг ашиглалтад өгөх ёслол болсон юм. Хөлөг онгоц үйлдвэрлэгч “Electric Boat” компанийн Дэд ерөнхийлөгч Кеннет Бломштет хэлэхдээ “энэ шумбагч онгоц нь далайд хийсэн саяхны туршилтыг “маш гайхалтайгаар” давж гарсан” гэжээ.
 
Шумбагч онгоцны ахмад Жесс Потер уг хөлгийн талаар хэлэхдээ “АНУ-ын аюулгүй байдлыг улам бэхжүүлэхийн тулд сөргөлдөгч талуудад нөлөөлж чадах “үл үзэгдэх зэвсэг” юм" гэж тодорхойлжээ. Тэрбээр уг шумбагч онгоцыг дахин туршилтад оруулах явцад 130 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлах юм.
 
Цэргүүдийн ар гэрийнхнийг дэмжих ажлыг зохион байгуулдаг тэргүүн хатагтай Мишель Обама өнгөрсөн онд уламжлал ёсоор уг шумбагч онгоцны хошуун дээр оргилуун дарс хагалж адислажээ.
 
“USS Иллинойс” нь Виржиниа загварын 13 дахь шумбагч онгоц болж байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дахин 15 ширхэг ийм загварын шумбагч онгоц захиалаад байгаагаас эдгээрийн 10-ыг угсарч дуусчээ. 
 
Х.Сарнай
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг