sonin.mn
Цагдаагийн Ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баясгалан, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр нар өнөөдөр ХМТ-ийн хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийсэн юм. ЦЕГ, УБХЦГ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээллээ.
 
Уг төсөл нь хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үе нь  2016 онд багтаад  цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох, гэмт хэргийн мэдээллийн системийг өргөтгөх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг бий болгох юм байна. 
 
Хоёрдугаар үе нь 2017 онд хэрэгжих мэдээлэл дамжуулах цогц программ хангамжийн өргөтгөлөөр бий болгох  “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж ашигласнаар эхлэх юм. Ингэснээр хэсгийн байцаагч нар иргэдийн дуудлагад цаг алдахгүй хариу өгдөг болно. “Ухаалаг цагдаа” төсөл нь бас сэжигтэн этгээдийг шуурхай баривчлах, бэлэн бус торгууль оногдуулах, иргэн аж ахуй нэгж байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид цаг алдалгүй шалгах зэрэг давуу талтай. 
 
Мөн энэ төслийн хүрээнд хэв журмын " Урамшилт эргүүл”-ийг сэргээн уялдуулж ажиллуулах юм. Нийгмийн идэвхтэй, амьдарч буй хорооныхоо үйл ажиллагаанд байнга оролцдог 2500 иргэнийг хэв журмын урамшилт эргүүлд сонгон авна. Хэв журмын урамшилт эргүүлийг ажиллуулснаар тухайн хорооны нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр ажиллаж байгаа хүн хүч ч нэмэгдэнэ. Хэв журмын урамшилт эргүүлийг  маргаашаас эхлүүлж, тэдэнд сар тутам 25 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэдгээ ч цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг