sonin.mn
НИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын талаар  Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдээлэл хийлээ. 
 
Ажил удааширч, гацах болсон шалтгааныг тэрээр тайлбарлахдаа, “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулсан.
 
18 төсөл хэрэгжүүлэгчийн ажил зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөсөн ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил удаашрах гол шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүсгэсэн” гэв.
 
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин бодит байдал дээр энэ хөрөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдэх боломжтой учраас шалгах хэрэгтэй гэдгийг тэрээр онцолсон юм.  
 
НИТХ-ын Тэргүүлэгчид орон гэргүй болон 400 айлын асуудлыг  нэн тэргүүнд шийдэхээ илэрхийлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодитой мэдээллийг танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ хэмээн мэдэгдлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг