sonin.mn
ЛОНДОН./TASS/. “МакДональдс” компани Люксембургийн татварын албанд 500 долларын торгууль төлөх ёстой гэсэн шийдвэрийг Европын Холбоо албан ёсоор гаргаж магадгүй байна. Энэ тухай өчигдөр “Файнэншл таймс" сонинд бичжээ.
 
Люксембургт төв байртай тус компани 2009 оноос эхлэн жил тутам 1,49 хувийн татвар төлсөөр иржээ. Гэтэл Люксембургийн Их Вант улсад татварын хэмжээ 29,2 хувь байдаг аж. Үүнээс үүдэн тус компани 500 сая долларын торгуульд орж магадгүй болоод байна.
 
McDonald's-ын удирдлага мэдэгдэхдээ, тус компанийн хувьд Европт татвар төлөхтэй холбоотой ямар ч асуудал үүсээгүй гэжээ. “Файнэншл таймс" сонины үзэж байгаагаар, Америкийн “Amazon” корпорацид мөн адил дээрх хэмжээний торгууль ногдуулах бололтой.
 
Сануулан дурдахад, АНУ-ын “Apple” компанид Ирландын Засгийн газраас олгосон татварын хөнгөлөлт нь хууль бус гэдгийг Европын Комисс тодорхойлоод, тус компани Ирландын татварын албанд 13 тэрбум евро төлөхийг үүрэг болгосон билээ. Харин Apple компанийн удирдлага уг шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ. АНУ-ын Сангийн яамны үзэж байгаагаар, Европын Комиссын энэ шийдвэр нь Европын Холбоог чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлөх магадгүй аж.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг