sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /VOA/. Пакистантай залгаа хилд ойр орших Энэтхэгийн Кашмир муж дахь цэргийн бааз руу босогчид халдаж, 17 цэргийн хөнөөж, 20 орчим цэргийг шархдуулсан байна.
 
Хүнд зэвсгээр зэвсэглэсэн дөрвөн этгээд өчигдөр Кашмир мужийн нийслэл Сринагар хотын баруун хэсгийн Ури хотод орших цэргийн бааз руу халдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.
 
Тэдгээр дөрвөн халдагч этгээдийг устгасан бөгөөд эргэн тойронд тэдний хамсаатнууд нуугдсан эсэхийг шалгаж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Мөргөлдөөн хэдэн цагийн турш үргэлжилж, хүчтэй дэлбэрэлт болж байсан гэж Ури хотын оршин суугчид мэдээлжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ хэрэгтэй холбогдуулан твиттер хуудсандаа “хулчгар террористууд, энэ халдлагыг үйлдсэн этгээдүүдийг зүгээр өнгөрөөхгүй” гэж бичсэн байна.
 
Үүний зэрэгцээ АНУ уг халдлагыг эрс буруушаасан байна. 
Энэтхэгийн армийн командлал "цэргийн майхнууд галд шатсаны улмаас олон цэрэг амиа алдаж, ихээхэн хохирол учирлаа" гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг