sonin.mn
МОСКВА. /BBC/. Сонгуулийн санал хураалтын дүнгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины дэмждэг “Нэгдсэн Орос” нам тус парламентын сонгуульд наад тал нь 44 хувийн санал аван илт давамгайлж байна.
 
В. Путин “манай нам маш сайн үзүүлэлттэйгээр сонгуульд оролцож байгаа гэж бид баттай хэлж чадна” гэжээ. Либерал-Ардчилсан Нам болон ОХУ-ын Коммунист нам одоогоор тус бүр 14-16 хувийн санал авснаар “Нэгдсэн Орос”-ын дараа бичигдэж байна.
 
Сөрөг хүчний бусад намууд парламентад төлөөллөө бий болгоход шаардлагатай 5 хувийн босгыг давж чадаагүй байна. Гэхдээ сонгуулийн санал хураалтын дүнгээр тэд зарим нэг тойрогт ялах боломжтой хэвээр байгаа юм.
 
Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвөөс явуулсан санал асуулгад оролцогчдын 44,5 хувь нь Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тэргүүлсэн “Нэгдсэн Орос” намыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол санал хураалтын дүнгээр энэ тоо 48.7 хувьд хүрээд байна.
"Шударга Орос" нам ойролцоогоор 8 хувийн санал авч  авч дөрөвт бичигджээ.
 
Ингэснээр эдгээр дөрвөн нам ОХУ-ын Төрийн Думд /Доод танхим/ төлөөлөлтэй болж байна.
Сөрөг хүчний “Яблоко” болон “Парнас” гэсэн хоёр нам 3.5 болон 1.2 хувийн санал авахаар байна. Сонгууль дуусахаас хоёр цагийн өмнө сонгогчдын ирц 40 орчим хувьтай байсан нь   2011 оны сонгуультай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
 
Сонгуулийн Төв Комиссын дарга Элла Памфилова хэлэхдээ “сонгууль хуулийн дагуу явагдаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байж болно” гэлээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг