sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Нью-Йорк хот болон Нью-Жерси муж улсад тэсрэх бөмбөг тавьсан сэжигтнийг баривчилжээ.
 
Афганистанд төрсөн өдгөө 28 настай Ахмад Хан Рахами баривчлагдах үедээ цагдаа нартай буудалцаж, шархадсан бөгөөд Нью-Жерсигийн эмнэлэгт мэс засалд оржээ.
Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп энэ мэдээллийг өлгөн авч, цагаачлалын асуудалд хатуу хандахаа дахин мэдэгдээд “хэт давруу үзэлт лалын террористуудыг” устгахаа амлажээ.
 
Амралтын өдрүүдэд болсон дэлбэрэлттэй холбоотой өөр сэжигтэн байхгүй гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн байна.
Рахамиг ямар үндэслэлээр уг хэрэгт сэжиглэж байгаа талаар мэдээлэл өгөхөөс цагдаа нар татгалзсан байна. Харин хууль сахиулах байгууллагын зарим албаны хүмүүс Америкийн хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө "Нью-Жерсигээс олдсон дэлбэрээгүй бөмбөгнөөс авсан хурууны хээ түүнийх байсан" гэжээ.
 
Нью-Жерси муж улсын Линден хотын дарга Дерек Армстед хэлэхдээ "сэжигтэн “Merdie's Tavern” зоогийн газрын үүдэнд унтаж байсан" гэжээ.
Цагдаагийн ажилтан сэжигтнийг сэрээж, шалгахаар түүн рүү дөхөж очих үед тэрбээр цагдаа руу гал нээсний улмаас хоёр цагдаа шархадсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг