sonin.mn
ПХЕНЬЯН. /BBC/. Хиймэл дагуул хөөргөх зориулалттай шинэ пуужингийн хөдөлгүүрийг Умард Солонгост амжилттай туршсан тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ.
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун аль болох ойрын хугацаанд хиймэл дагуул хөөргөхийг эрдэмтэд, инженерүүдэд даалгажээ. Энэ удаагийн туршилт нь энэ оны хувьд пуужинтай холбоотой туршилтуудын хамгийн сүүлийнх нь болж байна.
Тус улсын "Сохае" гэдэг хиймэл дагуул хөөргөх талбайд хийсэн уг туршилтыг Ким Жөн Ун ажигласан байна. Энэ талбайгаас өнгөрсөн 2 дугаар сард пуужин хөөргөсөн юм.
 
"Хэдэн жилийн дараа манай улс “geostationary” хиймэл дагуул буюу дэлхийн эргэх хурдтай адил хурдаар хөдөлдөг хиймэл дагуулыг эзэмшигч улс болохын тулд илүү олон тооны пуужин хөөргөх хэрэгтэй" гэж Ким Жөн Ун хэлжээ.
 
Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Пхеньян тун удахгүй холын зайны пуужин хөөргөн турших бололтой. Өөрсдийнх нь хэрэгжүүлж сансрын хөтөлбөрүүд шинжлэх ухааны зорилготой гэж Умард Солонгос мэдэгдэж байгаа хэдий ч АНУ, Өмнөд Солонгос болон Хятад улс "умард солонгосчууд пуужингийн туршилт хийснээр тив алгасах баллистик пуужинтай болохыг санаархаж байна" гэж болгоомжилсоор байгаа юм.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг