sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Удаан хугацааны турш ашиглаж ирсэн 140 үсгийн хязгаарлалтыг өөрчлөх болсноо цахим сүлжээний  "Твиттер" компани зарлажээ.
 
Даваа гарагаас эхлэн гэрэл зураг, дүрс бичлэг, санал асуулга зэрэг мэдээллийн чанартай зүйлсийг “Твиттер”-ийн үсгийн хязгаарлалтад хамааруулахгүй байхаар болсон байна.
 
Мөн хариу жиргэхэд бичигддэг хэрэглэгчийн @ бүхий хаягийг үсгэн тэмдэгтийн тоонд оруулахгүй байх хувилбарыг тус компаниас туршиж байгаа ажээ. Ингэснээр хэрэглэгчид бусдад хэлэхийг хүссэн зүйлээ яг 140 үсэгт багтаах боломжтой болж байгаа юм.
 
Эдгээр өөрчлөлтүүдийн талаар 5 дугаар сард “Твиттер” мэдэгдэж байсан боловч одоо л хэрэглэгчдэд эцсийн байдлаар хүрч байгаа ажээ. ”Твиттер”-ийн үсгийн тоог нэмэгдүүлэх уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүтэн жил шаардагджээ. Ийм шинэ санаа тус компанийн хүрээнд нэлээд хугацаанд яригдаж байсан юм.
 
Тэмдэгтийн тоог 10 мянга болгон өөрчлөхөөр “Твиттер” хэлэлцэж байсан ч төлөвлөгөөгөө ийнхүү өөрчилсөн байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг