sonin.mn
ПХЕНЬЯН./TASS/. Венесуэль улсын Маргарита аралд болж өнгөрсөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам ингэж мэдэгдсэнийг “Нодон синмун” сонинд нийтэлжээ.
 
“Цөмийн зэвсэгтэй орнуудын эгнээнд орох болсон БНАСАУ-ын стратегийн байр суурийг АНУ зайлшгүй харгалзан үзэж, өөрийгөө хянаж, тэвчээртэй байх хэрэгтэй” гэж Умард Солонгосын парламентын дарга анхааруулсан байна.
 
Тэрбээр цааш нь дурдахдаа “орчин цагийн БНАСАУ бол өнгөрсөн зууны 50-иад оны үеийнх улс орон биш ээ. АНУ-ын зүгээс манай улсыг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлж байсан тэр цаг үе ард хоцорсон” гэжээ.
 
Улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, сансрын уудмыг энхийн зорилгоор шинжлэн судлах зорилгоор БНАСАУ-ын явуулж буй үйл ажиллагааг аюул заналхийлэл, өдөөн хатгалга гэж үзэж буй АНУ-ыг Ким Ён Нам зэмлэн буруушаасан байна.
 
“Вашингтоны эрх баригчид БНАСАУ-ын талаарх буруу ташаа бодлогоосоо татгалзаж, дайныг түр зогсоох гэрээний оронд энхийн гэрээ байгуулах хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
Парламентын дарга цааш нь мэдэгдэхдээ  “Ким Жөн Уны удирдлагын дор манай арми, ард түмэн дайсагнагч хүчний дарамт шахалт, бүслэлт, хориг арга хэмжээг тууштай эсэргүүцэн зогсч, социализмын хүч чадлыг оргилд нь хүргэхэд бэлэн байна” гэжээ. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг