sonin.mn
БИШКЕК./TASS/. Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев эмнэлгийн нарийн шинжилгээнд орох болсон тул богино хугацааны ээлжийн амралт авчээ.
 
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснийг үзвэл “Ерөнхийлөгч богино хугацааны амралт авсан нь эмнэлгийн нарийн шинжилгээнд орох болсонтой холбоотой, түүний эрүүл мэндийн байдлын тухайд санаа зовох зүйл байхгүй” гэсэн байна.
Ерөнхийлөгч ирэх сарын 1-ний өдөр ажилдаа эргэн орох бололтой.  
 
Эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал гарсан учраас Атамбаев Нью-Йоркт хийх гэж байсан ажлын айлчлалаа цуцалсан юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцох ёстой байжээ.
 
Истанбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Нью-Йорк руу нисэх гэж байсан Атамбаевын бие гэнэт тавгүйрхсэн байна. Тэр даруй нисэх онгоцны буудалд эмнэлгийн шинжилгээ хийхэд “зүрхний үйл ажиллагаатай холбоотой хүндрэлийн шинж тэмдгүүд” илэрчээ. Ийм учраас илүү нарийн шинжилгээ хийлгэхийг Туркийн эмч нар зөвлөсөн байна.  
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд оролцож буй Киргизийн төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев тэргүүлж байна.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг