sonin.mn
HХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутагт ажиллаж өвсний гарц, бэлчээрийн даац, өвөл отор хийх бүс нутгийн байдалтай газар дээр нь танилцлаа.
 
Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумын нутгийг оролцуулсан  192 мянган га газрыг 1998 онд отрын бүс нутаг болгон зарласан юм. Энэхүү отрын бүсийг анх Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн сангийн аж ахуй хэмээх нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд Ховд, Увс, Говь-Алтай аймгаас малчид олноор ирж суурьших болжээ. Отрын бүсэд малчид суурьших бус заасан хугацаанд өвөлжиж, хаваржаад буцах ёстой ч малчид  шаардлага биелүүлдэггүй байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх 150 хоногт отрын бэлчээрийг ашиглаж байхаар тогтсон.
 
Гэтэл малчид заасан хугацаанаас өмнө отрын бүс нутагт малаа оруулж, зарим нь эндээ тогтмол суурьшсанаас бэлчээрийн даац хэтэрч олон талын хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Энэ жил отрын бүсэд өвөлжих малын тоо өмнөх жилүүдийнхээс өсч, сзөвхөн Хэнтий аймгийн отрын бүсэд л гэхэд 600 мянга орчим мал өвөлжүүлэх саналыг зэргэлдээх аймгуудаас ирүүлжээ
 
Мөн тэрбээр, Хэрлэнбаян-Улаан суманд уулзалт хийж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд хэрхэн бэлчээрээ зохицуулах, отрын бүс нутагт мал бэлчээлгүй нэг жил өнжөөж бэлчээрийн ургамлуудыг сэргээх талаар хэлэлцэв. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд энэ жил аймгийнхаа сумдаас 188 өрхийн 420 мянган мал өвөлжүүлэхээс гадна Багануур дүүрэг, Төв, Дундговь зэрэг аймгийн ойролцоох сумдын малчид өвөлжих төлөвлөгөөтэй байгаа гэж тус тосгоны захирагч С.Баясгалан ярилаа.
 
Тэрбээр, "Отрын бүсийг ашиглах талаар Бэлчээрийн тухай хуулиар зохицуулдаг болох хэрэгтэй. Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд орших нутгийн 100, Аварга, Долоод багт л гэхэд 290 мянга гаруй толгой байгаа. Өөрөөр хэлбэл, манай аймгийн бэлчээрийн бүс нутгийн даац хэтэрсэн. Тиймээс бусад аймаг, сумаас мал оруулж ирэхэд хүндрэлтэй байна гэлээ.
 
Үүний дараа ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн отрын бүс болох Малхын талыг зорилоо. Малхын талын отрын бүсэд нийтдээ 73 мянган га талбай багтдаг байна. Үүнээс 69 мян­ган га нь Сүмбэр сумын VI багийн нутаг дэвсгэр. Аймаг, сумын удирдлагууд хоорондоо тохиролцсоны үндсэнд отрын бүсэд өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог гаргадаг байна. Малхын талд жилд дундажаар 20-30 мянган мал оруулан өвөлжүүлж хаваржуулдаг. Энэ жил шүлхий өвчин гарсан учраас отрын бүсийг ашиглах боломжгүй гэдгийг Говьсүмбэр аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүү хэлэв.
Өнгөрсөн жил Малхын отрын бүсэд Төв аймгийн дөрвөн сумын 27 мянган бог оруулах квот тогтоосон.  Гэхдээ өвөлжилт харьцангуй гайгүй байсан тул Төв аймгаас квотоос бага мал иржээ. Харин Дундговь аймгийн Угтаалаас 20-25 мянган адуу оруулж ирсэн нь бэлчээрийг маш ихээр талхалсан. Одоогоор отрын бүс нутагт долоон өрхийн 5300 мал байна” хэмээн сайдад танилцуулав.
 
Говьсүмбэр аймаг 7810 га хадлангийн талбайтай бөгөөд энэ зун бороо хур оройтож орсон учраас хадлан бэлтгэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаас хадлангийн гурван салаа, нэг хоршоо, таван иргэн 558 тонн хадлан бэлтгээд байгаа гэлээ.
 
Ийнхүү албаны хүмүүс отрын бүсүүдтэй танилцаж дууссаны дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Сайдын албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга нар холбогдох салбарт нь тодорхой чиглэл, үүрэг өгөөд ажиллаж байна. Хэрлэнбаян-Улааны бүс нутаг 104 мянган га талбайтай. Энэ нутагт үндсэндээ хонин толгойд шилжүүлснээр 200 орчим мянган мал өвөлжүүлэх боломжтой гэж бэлчээрийн даацыг тодорхойлсон байдаг. Одоогийн байдлаар 600 орчим мянган мал өвөлжүүлэх саналыг ойролцоох аймгуудаас яаманд ирүүлээд байгаа. Отрын бүс нутгийн захиргаанаас дүрэм журамд тодорхой өөрчлөлт оруулах, хяналт шалгалтыг сайжруулахад цаашид анхаарч  ажиллана" хэмээв.
 
ХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн ХХААХ-ийн Яамны газар,хэлтсийн дарга нар холбогдох албаны хүмүүс Булган Дашинчилэн сумын нутгийн отрын бүс нутгуудад ажиллалаа. Дашинчилэнгийн отрын бүсэд ургамалын гарц урд жилүүдээс муудсан. Ургамалын бүтцийн хувьд ч шим тэжээл багатай шивээ өвс зэрэг ургамалууд зонхилон ургасан байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Нийт 37 мянга орчим га талбайг хамардаг энэ газар 30 мянга гаруй мал өвөлжих боломжтой. Одоогоор 200 мянга гаруй мал өвөлжүүлэх хүсэлт бусад аймгуудаас иржээ.
 
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Улсын тусгай хэрэгцээний Аймаг дундын отрын бэлчээр нутагт нийт 783,4   мянган га байдаг. Отрын бүс нутагт олон айл хуулийн бус хугацаанд зусч, намаржиж байгаа нь бэлчээрийн даацад сөрөгөөр нөлөөлжээ. Ер нь хаа хаанаа хариуцлагагүйн зуд болж байгаа юм байна. Төрийн бодлогоор малчдыг өнтэй сайхан өвөлжүүлэх зорилгоор улсын хамгаалалтад авсан бүс нутагт дураараа авирлах явдал хэтэрсэн байгаа нь  ажиглагдаж байна. Эдгээр асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар авч хэлэлцэнэ” гэлээ.