sonin.mn
КАРАКАС. /VOA/. Дэлхий даяарх нефтийн нийлүүлэлтийг эрэлттэй нь уялдуулахын тулд нэг өдөрт олборлож буй нефтийн хэмжээг /94 сая баррель/ 10 хувиар бууруулах хэрэгтэй гэж Венесуэлийн Нефтийн сайд Еулогио Дель Пино мэдэгдэв.
 
Венесуэль улс түүхий нефтийн үнийг өсгөх асуудлаар гэрээ байгуулахыг ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус орнуудад уриалсаар байгаа юм. Ийм тохиролцоонд хүрсэн тохиолдолд түүхий нефтийн үнэ 70 долл/баррельд хүрэх ажээ.
 
Дэлхийн хэмжээнд өдөрт 94 сая баррель түүхий нефть олборлож байгаа бөгөөд энэ хэмжээг өдөрт 9 сая баррелиар бууруулснаар эрэлт нийлүүлэлт хоёр тэнцэх болно гэж тэрбээр “PDVSA” компанийн телевизийн дотоод сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
 
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт үг хэлэхдээ “ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус нефть олборлогч орнууд нефтийн зах зээлийг тогтворжуулах асуудлаар гэрээ байгуулахад тун ойрхон байна" гэж мэдэгдсэн юм.
 
ОПЕК-ийн гишүүн орнууд энэ сарын 26-28-нд Алжирт болох Олон улсын эрчим хүчний чуулга уулзалтад оролцох гэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг