sonin.mn
АН-ын удирдлагад байсан хүмүүсийн ярианы бичлэг яаж байгаад ч юм “алдагдаад” өдгөө сошиалаар тэнэж явна. Бичлэгт УИХ-ын дарга, намын дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Д.Арвин, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын яриа байна.
 
 
З.ЭНХБОЛД
 
“...Бүдүүн тоймоор хэлэхэд 10 аймаг дээр сүүлийн хагас жилийн байдлаар 1-5 хувиар доогуур, 10 аймаг, хотын зургаан дүүрэгт дээгүүр. Ингээд 26 тойрогт хуваагаад үзвэл 16 тойрогт давуу талтай, 10 аймагт доогуур байгаа юм. Гэхдээ энэ намын жагсаалт гэдэг юм болохгүй  байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр алга боллоо. Одоо бол хувь хүмүүс хоорондоо үзнэ”
 
 
Д.АРВИН
 
“...Сая томсгосон тойргоор сонгууль явуулж байж олонх болсон гэдгээ та бүхэн мэдэж байгаа байх. 76 жижиг тойрог болох асуудал бол МАН-ын бодлого байсан. Сонгууль болоход хорин хэдхэн хоног дутуу байхад МАН-ын бодлого нэвт орчихлоо. Эд нар жижиг тойрог дээр дөрвөн жил ажилласан. Бодлогоо биелүүлж чадаж байна. Үүнд л харамсч байна. Би долоон цагт Баянзүрхэд очиж ажиллаад сая орж ирж байна. МАН тэнд яаж ажиллаж байгааг та нар мэдэж байгаа юм уу. Бид олон жилийн туршлагатай. Үүнийг харж байгаа хэлж байна. Одоо М.Энхболд дарга намдаа маш их нэр хүндтэй лидер болчихсон. Замын дунд ХҮН намыг байхгүй болгох гэх мэтээр МАН-ын тавьсан жүжиг л энэ улс орныг чинь аваад яваад байна”.
 
 
Н.АЛТАНХУЯГ
 
“...Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй нь. Авгайгаасаа салчихлаа, ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл болчих гээд байна.   Хэний тоглоомонд орж нам засгийг бужигнуулж алж хаямааргүй л байгаа юм даа.  Наад 76 чинь бол МАН-ын үнэхээрийн чин хүсэл шүү дээ. МАН дөрвөн жил үүнийхээ бэлтгэлийг хийж, жагсаалтын ард нуугдаж гэх мэт үг хэрэглэсээр байгаад сая Цэц дээрээс авлаа л даа. Цэцийн юмыг авна гэдэг чинь  энэ тоглоомны эхнийх нь. Ноосоо тушааж байгаа нь тэр. Одоо тэгээд  76 болчихвол  эхнэрээсээ салж байгаа юм. Тэгээд МАНАН-аа байгуулж байгаа юм.  
 
Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм. Би хувьдаа улсаа, намаа бодоод явбал ядаж томсгосноор үлдээх хүсэлтэй байна. Уг нь бүр жагсаалт байх ёстой гээд байгаа шүү дээ. Ингээд жижиглэчихээр МАНАН-ын группт орох гэсэн хэдэн нөхдүүд мөнгөө ч бага зарцуулна. Хоорондоо тохиролцоно. Хоёр Энхболд тохирно. Иймэрхүү хүчин зүйлүүд асар их орно. Хүний сценарт  орно гэхэд арай хэтэрлээ. М.Энхболд нам талдаа ардын баатар болсон байх” гэсэн.
 
 
Э.БАТ-ҮҮЛ
 
“...Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ.
 
Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай л даа. Чи чинь УИХ-ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу.
 
Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан. Холимог, мажоритарын алийг нь авах гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат Ерөнхийлөгч дээр очоод “ Та мажоритор дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан. П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Батбаяр буруу яриад байна. Бид нар сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритариар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй”
 
Энэ бол УИХ-ын сонгуулийн өмнөх АН-ын удирдах төвшний хүмүүсийн яриа. Зөвхөн энэ дөрвөн эрхэм ч байгаагүй бололтой юм. Гэвч гурван сар хүрэхгүй хугацааны дараа тэдний яриаг сонсохул хэн нь хэн бэ гэдгийг өлхөн хэлээд өгөхөөр л бичлэг аж. Үнэндээ, уйлах хүүхдийн хошного урьд өдөр нь умалзаж байж.
 
АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хоёрын байр суурь 20 гаруй жил, өдийг хүртэл улс төрд зүтгэсэн хүний үг мөн үү гэж эргэлзэхэд хүргэмээр байсныг олон нийт, тэр тусмаа АН-ын талынхан хэлж л байна. Харин УИХ-ын гишүүн асан Д.Арвин бүх үнэнийг Ванга эмээ шиг л хэлсэн байна. Түүний хувьд амьдралынхаа ихэнх хугацааг МАН-д өнгөрөөсөн. АН-д ирээд дөрвөн жилийн л нүүр үзэж байгаа.
 
Тэр утгаараа Д.Арвин МАН-ыг арван хуруу шигээ мэднэ. Тиймээс түүний үгийг тэр хуралд очигсод хийгээд АН сонсох л ёстой байв. Үйл явдал түүний хэлснээр л өрнөсөн. Сонгуулийн дүнгээр АН бараг суудал авсангүй. М.Энхболд намдаа маш их нэр хүндтэй лидер болохоор барах уу, бараг л хаан болчихоод байгаа билээ.
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин