sonin.mn
Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Үүдэнчулуу” компанийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайваныг энэ удаагийнхаа “Бизнес, хөгжил” ярилцлагын буланд урилаа.
 
“Үүдэнчулуу” компани 21 аймаг, гурван хотод 600 гаруй чулуун бүтээл хийж, Монголд орчин цагийн чулууны урлагийг хөгжүүлсээр ирсэн. Харин одоо чулуу үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа аж. Энэ тухай түүнтэй ярилцсан юм.
 
-Чулуу хатуу догшин учраас сийлбэр хийхэд их ур дүй шаарддаг байх?
 
-Хамгийн гол нь уулнаас чулуугаа зөв бэлдэж авах учиртай. Ямар хэмжээтэй бүтээл хийх гэж байна, түүндээ тааруулан чулуугаа цуулж авдаг. Чулуу яг л мод шиг ширхэгтэй. Тиймээс зөвхөн хоёр талаар нь ширхэгийн дагуу цэвэрхэн  цуулж авдаг юм.
 
-Ингэхэд та яагаад заавал чулууны үйлдвэрийг сонирхох болсон юм бэ. Өнгөцхөн харахад, модон сийлбэр нь амар байсан юм биш үү?
 
-Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөө, УИХ-ын танхимын ширээ сандал, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө зэрэг их олон сийлбэрийг хийсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтох бол миний багш. Би сургуулиа төгсөөд модон сийлбэрээ л хийдэг байлаа. Гэтэл 2000 онд чулуун суварга хийлгэмээр байна гэдэг захиалга орж ирсэн. “Би чулуугаар сийлбэр хийж үзээгүй, чадахгүй” гэхэд “Үгүй ээ, зөвхөн чамаар л хийлгэнэ” гэж зүтгэсэн.
 
Ингээд л анх ямар хөрөө хэрэглэдэгийг нь ч мэдэхгүй байж чулуун сийлбэр хийж эхэлж байлаа. Тэгээд дараа нь 2002 онд “Зоос” банкны үүдэнд хоёр арслан хийх тендерийг авч чулуугаар сийлсэн. Ингээд л чулуугаар юм хийж болмоор юм байна гэж мэдэрсэн. Түүнээс хойш бидний хийсэн хамгийн өндөр хөшөө бол Өэлүн эхийн хөшөө. 13.40 метрийн өндөртэй. Уран бүтээлч хүн чинь эхлээд 1.50 метрийн өндөртэй хөшөө хийдэг байсан бол дараа нь 3.80 метр гэх мэтээр амжилтаа ахиулан хийж, түүндээ урам ороод л явдаг юм билээ. Сүүлдээ боржин чулуугаар замын боржуур, 10х10 см-ийн хавтан зэргийг үйлдвэрлэдэг болсон. 
 
Нийслэлдээ энэ чулуун шоогоор хэд хэдэн газар машин зам тавьсан. Манайхан чинь хатуу хучилттай зам тавьчихаад инженерийн шугам сүлжээгээ солихдоо түүнийгээ эвдээд, дараа нь дахин зам тавих зэргээр үр ашиггүй зардал их гаргадаг. Харин чулуун зам бол эвдрэхгүй, буцаагаад өрөөд тавьчихна. Зарим хүн “Хэдэн жилийн баталгаа өгөх вэ” гэж асуухаар би “Яг хэдэн зуу, хэдэн мянган жил” гэж хэлэхээ мэддэггүй. Дэлхий сөнөхгүй л бол чулуун бүтээл байж л байдаг.
 
-Манай улсад соёлын эдийн засаг хөгжихгүй байна. Гэтэл танаас эхлээд том том, мундаг уран бүтээлчид бий. Уг нь энэ хямралын үед нөөц боломжоо ашиглан урлаг, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр мөнгө босгож болмоор юм шиг?
 
-Чулуугаар бүтээл хийхэд зардал өндөртэй. Анх уулнаас чулуугаа гаргахдаа гараараа л ухдаг байлаа шүү дээ. Тэгээд хөлсний кран дууддаг. Тэгээд хийсэн юмаа борлуулах гэхээр зарим хүн “Ямар их үнэтэй юм бэ” гэдэг байсан. Одоо бол машин техник хэрэглэж байгаа. Гэхдээ хүрэл цутгууртай харьцуулбал асар их хөдөлмөр ордог. Чулуун урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэгчдийн анхдагч нь манай компани.
 
Амжилтаа чадлынхаа хэрээр ахиулахсан гэж боддог. Манай сийлбэрчдийн ур чадвар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Бид ОХУ-д гурван хөшөө хийж байлаа. Гэтэл энэ жил ОХУ-аас “Дахиад нэг хөшөө хийгээч” гэдэг захиалга ирээд байна. Итали чулуун урлагаар дэлхийд тэргүүлэгч улс. Тэндэхийн чулуу үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн нь надтай уулзахаар гурван удаа Монголд ирсэн. Тэгэхдээ “Монголчуудын ур чадвар асар өндөр юм. Гэтэл багаж нь Оросын шпунт, скрапелла л байх юм. Зөвхөн ийм хоёр багажтай хэр нь бүтээлээ асар өндөр төвшинд хийж байна. Танай компани яг энэ хэрэглэж байгаа багажаараа олон улсын фествальд оролцооч” гэдэг санал тавьж байсан. Тэгээд бид яг энэ багажтайгаа мөсөн сийлбэрийн дэлхийн аварга болоод ирж байлаа. Мөн элс, чулуугаар ч баримал хийдэг.
 
-Өнөөдөр чулуу үйлдвэрлэгчдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямархуу төвшинд байна вэ?  
 
-БНХАУ-ын ӨМӨЗО-д манай сийлбэрчид, зураачид очиж ажиллаж байна. Энэ нь тэдний буруу биш. Манай чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдэж холбоо байгуулаад тэргүүнээр нь намайг сонгосон.
 
Манай холбооны гишүүд хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс 12.6 жил энэ салбарт, тэгээд долоон жил нь өөр ямар ч хамаагүй ажил хийсэн бол 65 хувиар 55 настай тэтгэвэрт гардаг. Эмэгтэй бол 50 настай тэтгэвэрт сууна. Энэ нь манай чулуучдад маш их нэмэртэй. Энэ мэтээр зохицуулах нийгмийн асуудал олон байна. Үүнээс гадна сүүлийн үед үүссэн нэг асуудал бий. Бид өмнө нь чулуугаа татахдаа орон нутагтай хэлэлцэж тохироод авчихдаг байсан. Харин одоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд шийдэгддэг асуудал болсон. Энэ хууль 2014 оны долдугаар сарын 1-нээс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор үүссэн асуудал юм л даа.
 
Гэхдээ бид Төв аймгийг шүүмжилж байгаа юм  биш. Бодит нөхцөл байдлаа л ярьж байна. Шинэ хуулиараа заавал эхлээд хайгуулын лиценз авч байж, тэгээд түүнийгээ ашиглалтынх болгох ёстой. Өнөөдрийн байдлаар Х зөвшөөрөлтэй 18-23 компани байгаа юм билээ. Гэтэл үнэндээ тэдгээр компани дотор манайх шиг чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг ч компани байхгүй. Тиймээс өнөөдөр зарим чулуу үйлдвэрлэгч түүхий эдээ Хятадаас авч байна.
 
-А зөвшөөрөл гацаад байгаа шалтгаан нь юутай холбоотой байна вэ гэдгийг та судалж үзэв үү?
 
-Анх 200 компани Х зөвшөөрөл хүссэн гэсэн. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 14-хөн чулууны компани бий. Гадуур Х зөвшөөрөл авсан орд газар зарна гээд л явдаг. Тиймээс манай компанийг эс тооцвол тэр Х зөвшөөрөл авсан хүмүүс бол яг чулуугаар юм хийе гэсэн хүмүүс биш. Зөвхөн тэр газрыг зарж ашиг унагаахын тулд л зөвшөөрөл авсан байгаа юм. Монголоо хөгжүүлье, хямралын үед эдийн засагтаа хувь нэмэр оруулъя л гэж бодож байгаа бол чулуу үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, тэднийг дэмжих ёстой баймаар юм. Хятадууд хиймэл чулууг маш сайн хийдэг. Аль нэг улсын дээд төвшнийхөн болон бизнесийн төлөөлөл очиход байгалийн чулуугаа зүсч үзүүлчихээд худалдааны гэрээгээ хийчихнэ.
 
Тэгээд араас нь хэдэн мянган ширхэгээр нь хиймэл чулууг захиалга дотор нь хийгээд явуулах зэргээр түншээ маш их хуурдаг. Иймэрхүү зохисгүй хандлагаас бизнес эрхлэгчид цэрвэх нь ойлгомжтой. Тиймээс японууд л гэхэд Монголын чулууг маш их сонирхож байна. Гэтэл өнөөдөр Монголд ордтой компани нэг ч байхгүй. Тэгэхээр чинь гадаадын түншүүдтэйгээ хамтарч ажиллаж болохгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Тэд мэдээж чулууны орд, үйлдвэр, тэгээд туршлагатай компанийг л сонирхоно. Гэтэл бид ордгүй байж гадаадын бизнесмэнүүдтэй ажил хэрэг ярих ичгэвтэр шүү дээ. Уг нь бид шинээр хөгжиж байгаа бизнесээ маш сайн дэмжих хэрэгтэй.
 
-Манай улс чулууны нөөц багатай юм болов уу?  
 
-Бүх аймгийн бүх суманд боржин чулуу элбэг бий. Малчид том том чулуу заагаад тэр үхэр чулуу гээд ярьдаг даа. Тэр чинь бидний яриад байгаа боржин шүү дээ. Тэгэхээр бидний материал хаа сайгүй байна. Бид ямар алт ухаж, газар онгичих биш. Чулуугаа аваад газрыг нь тэгшлээд орхидог. Хөвсгөлийн улаан боржин, Хархорины хар саарал, Эрдэнийн саарал, Жанчивлангийн цайвар шар, Замтын шар, Авдрантын амазонит гээд ногоон чулуу, Ховдод болохоор хар, улаан өнгөөрөө байж л байна. Монголд бүх өнгө нь бий гээд бод доо.
 
Гэтэл бид өнөөдөр Хятад, Япон руу чулуун бүтээгдэхүүн гаргахын оронд өмнөд хөршөөсөө материалаа татаад сууж байна. Уг нь хуулиараа бол хамгийн түрүүнд өргөдлөө өгсөн компанид лиценз олгох ёстой. Гэтэл би 2014 онд өргөдлөө өгөөд одоо хүртэл А лицензээ аваагүй байна. Төв аймаг хоёр өдөр өргөдөл авсан гэдэг тайлбар хийдэг. Гэтэл нийслэлд байгаа чулуу үйлдвэрлэгчид түүнийг нь яаж мэдэх билээ. Уг нь орон нутгийнхан чулуу үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй.
 
-Хэрэв А зөвшөөрлөө авчихсан бол эдийн засагтаа ямар өгөөжтэй байсан бэ? 
 
-Өнгөрсөн жил Хятадаас бүрэн автомат чулууны үйлдвэр оруулж ирэх гэрээгээ хийчихсэн. Хэрэв бид А зөвшөөрлөө авчихсан бол энэ гэрээгээр үйлдвэрээ оруулж ирээд ажиллах байлаа. Гэтэл өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн бэ гэвэл нэг куб чулуу 2.8-3 тонн жинтэй. Үүнийг вагонд ачаад наашаа явахад асар өндөр зардал гардаг. Үүний оронд бид үйлдвэрээ оруулаад ирсэн бол зам, барилгын компаниуд Хятадаас өндөр зардлаар замын боржуур, барилгын фасад оруулж ирэхгүй шүү дээ. Уг нь бидэнд Хятадтай өрсөлдөх хэмжээний хамгийн боломжийн бизнес бол Монголд элбэг байдаг боржин чулуугаараа эцсийн бүтээгдэхүүн хийх. Би БНХАУ-ын Шаньдун мужийн Лайжу хотод чулуугаар юм хийж үзсэн.
 
Хятадын чулууг манай нутгийн чулуутай харьцуулбал харьцангуй зөөлөн юм билээ. Тэнд хамгийн хүйтэн нь өвөлдөө -10 хэм хүрдэг. Гэтэл манайд эрс тэс уур амьсгалтай учраас чулуу нь хатуу. Чулуу хатуу байх тусмаа илүү нарийн юм хийж болдог. Мөн оросууд Хятадаас маш их хэмжээгээр чулуу авч байна. Манай төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэйгээ жаахан уялдаа холбоотой ажиллавал бид ОХУ руу ч чулуу экспортолж болно.
 
-Экспортлохоо байг гэхэд Хятад руу урсаж буй мөнгөө авч үлдвэл Монголын эдийн засагт нэмэртэй юм даа. Өмнөд хөршөөс хэчнээн төгрөгийн чулуу импортоор ирдэг юм бэ?
 
-Өмнөд хөршөөс жилд 67-70 гаруй тэрбум төгрөгийн чулуун бүтээгдэхүүн Монголд орж ирж байна. Энэ их хэмжээний мөнгийг бид жил бүр өмнөд хөрш рүүгээ гаргаад баймааргүй байна. Үүнийхээ оронд чулууны үйлдвэр эрхэлж буй монголчуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Боржин чулууг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд оруулах гэж хөөцөлдсөн хүмүүс нь бид буюу манай чулуу үйлдвэрлэгчдийн үндэсний холбооныхон өөрсдөө байхгүй юу.
 
Өмнө нь элс, хайрга, дайрга л гэж байсан. Харин одоо элс, хайрга, дайрга, боржин гээд оруулчихсан. Гэтэл одоо өөрсдөө газраа авч чадахгүй байна. Газраа авчихвал бид ахиухан хөрөнгө зараад фасад, шатны чулуу, барилгын цонхны тавцан, 10х10 см-ийн замын хавтан, боржуур зэргийг бүгдийг нь Монголдоо үйлдвэрлэх боломжтой. Мэргэжлийн сийлбэрчин хүний хувьд би өнөөдөр компаниа урлаг талаас нь илүү хөгжүүлж, авч явж байгаа.
 
Хэрэв А зөвшөөрлөө авчихвал тэндээ үйлдвэрээ зоогоод бүтээгдэхүүнээ нийслэл рүү зөөж болно. Бид ядаж л Хятад руу урсаад байгаа мөнгийг Монголдоо авч үлдэх ёстой. Гэтэл өнөөдөр компаниуд уулнаас чулуу авахаар тэр нь хулгайд тооцогдож, Цагдаагийн байгууллагатай зууралдаж хамаг цагаа үрж байна. Үүнээс айгаад өнөөдөр манай чулууны үйлдвэрүүд материалаа татаж чадахгүй байгаа. Хайгуулын лицензээр чулуу татаж болохгүй. Гэтэл нэг куб чулуу хэдэн тонн жинтэй вэ гэдгийг ч мэдэхгүй нөхөд барилгын төсвөөр чулууг үнэлээд сууж байдаг. Ингээд л бид өнөөдөр байгаа нөөц боломжоо ашиглаж чадахгүй хямраад сууж байна.
 
-Одоо газар хөлдлөө. Тэгэхээр энэ жил уулнаас чулуугаа татаж амжихгүй нь дээ?   
 
-Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрийн ард маш олон хүн бий. Энэ жил чулуугаа татаагүй учраас одоо тэд бүгдээрээ ажилгүй, өрхийн орлого нь байхгүй болчихож байгаа юм. Ийм хүнд нөхцөл байдал үүслээ гэхээр “Та нар хуулийнхаа дагуу яв” гэдэг. Тэгсэн хэр нь одоо хүртэл А зөвшөөрөл өгдөггүй. Уг нь энэ хямралын үед чулууны үйлдвэрүүд ажиллаж байвал цөөнгүй айл өрх ажилтай, орлоготой байх байлаа.
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин