sonin.mn
НҮБ. /NHK/. Япон болон Их Британи улс НҮБ-ын хүрээнд Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахын тулд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар өчигдөр Нью-Йорк хотноо анх удаагаа уулзжээ.
 
Умард Солонгосын сүүлд хийсэн алхам нь өмнөхөөсөө илүү их аюул заналхийллийг  учруулж байгаа учраас үүний эсрэг илүү дорвитой хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлахын тулд Япон улс Их Британитай хамтран ажиллахыг хүсч байна гэж Шинзо Абэ мэдэгджээ. 
 
Хариуд нь Тереза Мэй хэлэхдээ “Умард Солонгосын хийсэн тав дахь удаагийн цөмийн туршилтыг Их Британи хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Олон улсын хамтын нийгэмлэг үүний эсрэг хариу арга хэмжээ авах ёстой” гэсэн байна.
 
Үүний зэрэгцээ Шинзо Абэ хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг хөндөхдөө "япон иргэдийг Умард Солонгосын нууц ажилтнууд хулгайлсан. Умард Солонгост үзүүлэх шахалтыг улам чангаруулахад хүний эрхтэй холбоотой энэ асуудлыг харгалзан авч үзэх хэрэгтэй" гэжээ. 
 
Мөн хоёр улсын ерөнхий сайд нар Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын хиймэл арлуудын талаар ярилцаж, далай тэнгисийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг