sonin.mn
ТОКИО./TASS/. Японы эдийн засаг 15 жилийн турш үргэлжилсэн дефляциас гарлаа гэж тус улсын Төвбанк өнөөдөр мэдэгджээ.
 
Энэ мэдэгдэл гарсны дараа иентэй харьцах долларын ханш 1 пунктээр чангарч, 102 иен/доллар болсон байна. Үндэсний валютын ханш сулрах нь гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Японы томоохон корпорациудад ашигтай юм.  
 
Түүнээс гадна, Японы Төвбанк мэдэгдэхдээ, инфляцийн түвшнийг жилд 2 хувьд барих зорилтод хүрч чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүний нэг шалтгаан нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаа явдал аж.
 
15 жилийн турш үргэлжилсэн дефляци нь Япон улсад үйлдвэрлэл хумигдаж, хөрөнгө оруулалт болон иргэдийн орлого буурахад хүргэсэн байна. Ийм байдалтай тэмцэх үүднээс Японы Төвбанк мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжүүлж, засгийн газрын өрийн бичиг болон бусад үнэт цаасыг худалдан авах замаар гүйлгээнд байгаа нийт мөнгөний хэмжээг 80 их наяд иенээр /752 тэрбум доллар/ нэмэгдүүлжээ.  
 
Улсынхаа эдийн засгийг дефляциас гаргах нь Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн явуулж буй эдийн засгийн бодлогын /аbenomics/ гол чиглэлүүдийн нэг юм.
 
Д.Нямтулга 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг