sonin.mn
Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд хэрэгжихээр боллоо.
 
Төслийн суурь судалгааны үр дүнг өнөөдөр БСШУСЯ-нд танилцуулав.
 
Тус сургуулийн захирал Б.Бадамсүрэн хэлэхдээ, “Төслийн хүрээнд Японы Жичи их сургуулийн профессорууд жилийн өмнө манай сургуулийн 800 гаруй эцэг эх, сурагчдын дунд явуулсан судалгаагаар өсвөр үеийнхний эрүүл аж төрөх боловсрол тааруу байгаа дүн гарсан. Өнгөрсөн жилийн хугацаанд бэлтгэл ажил хийж, багш нарт мэдлэг боловсрол олголоо.
 
2017 онд судалгааны явц, төсөл хэрэгжсэн сургууль болон хэрэгжээгүй сургуулийн хүүхдүүдийн  харицуулсан дүнг гаргах юм. Японоос хүүхдүүдэд хичээл заадаг сургагч хүүхдүүд манай сургуульд ирээд байна. Японд үеийнх нь хүүхдээр хүүхдүүдэд мэдээллийг өгүүлдэг. Үе тэнгийнх нь хүүхэд ийм бэрхшээл байна, ингэж даван туулах хэрэгтэй хэмээн заахад хүүхдүүд илүү хүлээж авдаг. Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагааг цаашид тасралтгүй, тогтвортой зохион байгуулна” гэв.
 
 
Японы Жичи Анагаах ухааны их сургуулийн багш, төслийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Сано Такаши хэлэхдээ, “Хориод жилийн өмнө Япон улсад өсвөр үеийнхний хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин өндөр түвшинд хүрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Өсвөр үеийнхний үе тэнгийн зөвлөгч” бэлтгэн найз нөхдөөс найз нөхдөд нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл өгөх эрүүл мэндийн боловсрол олгож эхэлсэн. Үүний үр дүнд өсвөр үеийнхний хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоог дээд хэмжээнд хүртэл нь бууруулж чадсан.
 
Мөн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн харьцаанд орох асуудалд нухацтай ханддаг болсон гэсэн судалгаа гарсан. Тиймээс өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв мэдлэг мэдээлэл өгөх шинэлэг аргыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Энэхүү арга нь өсвөр үеийнхний дотроос үе тэнгийн зөвлөгч гэсэн хүүхдүүдийг бэлтгэж, тэднээр дамжуулан үе тэнгийнхэн, найз нөхдөд нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар оновчтой зөв мэдээлэл өгөх юм. Улмаар бэлтгэгдсэн хүүхдүүд үе тэнгийнхэндээ мэдээлэл өгөөд зогсохгүй эцэг эхчүүд, гэр бүл, иргэдэд эрүүл мэндийн зөв мэдээ мэдээллийг түгээнэ” гэв.
 
Энэхүү  төслийг Японы Жичи Анагаах ухааны их сургууль, БСШУСЯ, НБГ, НЭМГ, Сүхбаатар дүүргийн ЭМТ, АШУҮИС хамтран 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг