sonin.mn
СТОКГОЛЬМ. /Prensa Latina/. Хууль бус цагаачид болон дүрвэгсдийг хууль зөрчин ажиллуулж буй үйлдвэр аж ахуйн газруудад шалгалт хийхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр Шведийн Цагдаагийн газар мэдэгдлээ.
 
Энэ удаагийн арга хэмжээ нь татгалзсан хариу хүлээн авсан орогнол хүсэгчдийг илрүүлж, нутагт нь буцаахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй ажиллагаа юм.
 
Нэг хэсэг хугацаанд цагаачлалын талаар зөөлөн бодлого баримталж байсан Шведийн Засгийн газар 2015 онд 163 мянган хүний орогнол хүссэн өргөдлийг шийдвэрлэсний дараа өнгөрсөн оноос эхлэн байр сууриа эрс өөрчилж, хилийн хяналтаа чангатгаад байгаа юм.  
“Шведэд амьдрах хүсэлтдээ татгалзсан хариу авсан хүмүүс нутаг буцах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд  40 мянга гаруй хүнийг эх оронд нь буцаах бөгөөд шинэ журамд зааснаар хууль бусаар цагаачдыг ажилд авсан ажил олгогчдыг баривчлах ялаар шийтгэнэ” гэж Шведийн Хуульзүйн сайд Морган Йоханссон мэдэгдсэн байна.  
 
Х.Сарнай

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг