sonin.mn
-Дарга байсан хүн дарга болно гэсэн нийгмийн сэтгэлгээг залуус өөрчилнө. Надад АН-ыг нам шиг нам болгох хүсэл, зорилго байна.-
 
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Эдийн засагч, Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн гишүүн Н.Чимэддоржийг урилаа. Түүнтэй АН-ын дотоод асуудал болон шинэ засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого шийдвэрүүдийн чиг хандлагын талаар ярилцлаа.
 
-Эхний асуултаа шинэ засгийн авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн орчин дэх бодлого шийдвэрүүдээс эхлүүлэх нь дээр болов уу. Иргэндээ хэр ээлтэй шийдвэрүүд гарч байна гэж хардаг вэ? 
 
-МАН бол өөрсдийнх нь тодорхойлсноор зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Сонгуульд үзэл баримтлалтайгаа ойролцоо мөрийн хөтөлбөр боловсруулж орж ирсэн. Өнөөдрийн тухайд МАН-ын эдийн засгийн орчинд хийж байгаа бодлого ажлыг ийм тийм байна гэхэд арай эрт байгаа ч миний хувьд шинэ Засгийн газар байгуулагдаад байж боломгүй хоёр алдаа хийлээ гэж хэлмээр байна. Тодруулбал, намынхаа үзэл баримтлалаас болон мөрийн хөтөлбөрөөсөө ухарчихлаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол зүгээр та бүхний саналыг авахын тулд байсан шүү гэж бараг л шулуухан хэлчихлээ.
 
Тэгэхээр МАН сонгуульд ялалт байгуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх итгэл үнэмшилгүй байжээ гэж харагдаж байна. Яагаад гэвэл,  2016 оны төсвийн тодотголыг ямар байдлаар баталснаас харагдана л даа. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дундаж чинээлэг давхарга бий болгох нь МАН-ын нэг зорилго байна. Өөрсдийнх нь баталж байгаа хууль тогтоомж, иргэдэд өгч байгаа мэдээллээс нь ингэж харагдаж байна. Мөн эдийн засгийн нэгдсэн цэгцтэй бодлого алга. 
 
-Дундаж чинээлэг давхарга бий болгох зорилготой байна гэдгийг ямар үндэслэлээр хэлэв?
 
-Үүнийг хоёр ч жишээгээр хэлж болно. Нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэсэн. Дундаж давхаргын талаарх дэлхий нийтээр ойлгодог ойлголт бий. Юу гэхээр олж байгаа орлогынхоо 1/3-ийг стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүндээ зарцуулаад хүрч байгаа бол тэр хүний амьдрал харьцангуй сайн байна гэж үздэг.
 
Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гэж тэгвэл ямар хүнсийг хэлэх вэ гэхээр мах нь баталгаатай, хөрсний бохирдол болон бусад бодисоос хордоогүй баталгаажсан, тээвэрлэлт, хадгалалтын зөв горимд зориулалтын лангуун дээр борлуулагдаж байгаа хүнсийг хэлдэг байх нь. Тэгвэл манай махнаас эхлээд хүнс чанартай байж чадаж байна уу. Урд хөрш манай махыг чанаргүй гээд авахгүй байна. Бусад хүнсний бүтээгдэхүүнүүд хаанаас ямар байдалтай орж ирж бидний сагсыг дүүргэж байгааг бид мэднэ. Дэлхийн жишгээр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хоолловол бидэнд сардаа дор хаяж нэг сая төгрөгөөс 1.5 сая төгрөгийг хүнсэндээ зарцуулах шаардлага гарч байна.
 
Бидний олонхи нь маш багахан мөнгөөр амьжиргаагаа залгуулж байна. Тэгэхээр 2.5 сая төгрөгөөс дээш орлогоос нь татвар авах бодлого барьж байгаа нь МАН үнэт зүйлээ уландаа гишгэлчихжээ гэж харагдаж байна. Иргэдээ татвараар дарамтлах биш харин ч татвараас хамгаалж, орлогынх нь тогтвортой байдлыг хадгалж үлдэх боломжийг олгох ёстой байлаа. Ажлын байрны тогтвортой байдлыг нь хангаж чадсан бол баяр хүргэх байв.
 
Харамсалтай нь тэгсэнгүй. Үзэл бодлынхоо эсрэг явлаа. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-нд эзлэх хэмжээг тэллээ. Энэ бол төсвийн бодлогын алдаанаас бий боллоо. Энэ нь хоёр удаагийн сонгууль дамнасан алдаа гэж хэлж болно. 2010, 2011 онд нүүрсний үнэ өссөнтэй холбоотой манайх төсвийн бодлогоо тэлсэн. Тэлэхдээ халамж руу маш их мөнгө зарцуулсан.
 
2012 оны сонгуулийн өмнө сонгогчдод халамж нэрээр мөнгө тараахдаа Чалкод 350 сая ам.долларын өр тавьсан. Өнөөдөр ч тэр өрийг төлж дуусаагүй. 100 сая нь байна. Тэгэхээр хоёр Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг дамжаад бий болсон халамжийн бодлогоос үүдсэн алдаа нь Монгол Улсын төсвийг тэлсэн. 2012 онд Засгийн газар “Чингис” бонд гаргаад араас нь залгуулаад “Самурай” бонд гаргасан. Үүний хүрээнд Засгийн газар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтынхаа төсвийг нэмэгдүүлээд ажилласан. 2013 онд гэтэл дэлхийн зах зээл дээр бидний төсөөлөөгүй үзэгдэл болж түүхий эд, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч эхэлсэн. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан.
 
Энэ хоёр нөхцөл нийлж явсаар эцэстээ Монгол Улс төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй урсгал зардлаа дийлдэггүй улс орон болж хувирсан. Сонгуулийн өмнө МАН Монгол Улс өрөнд баригдлаа гэж баахан яриад Монгол Улсын өрийн хэмжээг бууруулна гэж амлалт аваад гарч ирсэнийг бид мартаагүй. Гэтэл Засгийн эрхэнд гаруутааДНБ-нд эзлэж байгаа өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж албан ёсоор зарлаад батлаад явж байгаагаас нь харах юм бол МАН өрийн удирдлагын менежмент гэдэг рүү ажиллахгүй нь ээ. 
 
-Тэгвэл элдэв татвар нэмэх замаар ажиллахгүй эхлээд нэн түрүүнд ямар ажил хийвэл зөв байв?
 
-Нэгдүгээрт, улсын төсвөөс хэрхэн хэмнэлт хийх вэ, хоёрдугаарт, ажлын байрыг яаж хамгаалж үлдэх вэ гэсэн хоёр зүйл чухал байна. Гэтэл одоогийн засаг барьж байгаа намд улсын төсвөөс хэмнэлт хийнэ гэсэн сонирхол алга. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хувиар бууруулсан хэрнээ түүнээс давсан урсгал зардлынхаа хэмжээг танаж чадахгүй оруулаад ирлээ. Урсгал зардал гэдэг нь дарга нарын эрх ямбыг хангаж байгаа зардал. Хоёрдугаарт, өрийн таазыг нэмэгдүүлж байна гэдэг бол дахин зээл авна гэсэн үг. 
 
-Зээл авах таатай боломж бидэнд хэдэн хувь байна вэ. Дахин өр тавих хэрэгтэй гэж үү? 
 
-Зээл авахын тулд бидэнд одоо мөн л хоёрхон боломж байгаа харагдаж байна. Дотоодоосоо бонд гаргаад зээл авая гэхээр Төв банкны нөөцийг шавхаад Засгийн газрын хүсээд байгаа хэмжээний бонд гаргах бололцоо байхгүй. Гаднаас авая гэхээр 11-12 хувийн өндөр хүү төлж зээлнэ. Яагаад гэвэл бид 2017 онд зээлийнхээ эргэн төлөлтийг хийж чадах хэмжээнд байна уу гэдгийг олон улсын байгууллагууд хянаж байна.
 
Манай зээлжих зэрэглэл улам бүр буурсан үзүүлэлт гарч байна. Тэгэхээр бидэнд зээл олдвол маш өндөр хүүтэй зээл олдоно. Энэ хоёр сонголтоос нэгийг нь хийнэ. Үнэтэй ч гэсэн зээлийг нь дахин авах эсвэл өөр улсын Засгийн газрын оролцоотой зээл авах. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн томоохон төсөлд орж ирэх сонирхолтой байгаа гадны компаниудад томоохон уурхайгаа зарах, ашиглуулах замаар зээл авах боломжтой. Магадгүй, хоёрдугаарх хувилбар нь арай илүү хэрэгжих магадлалтай. Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоогийнхоо аль нэгийг зараад цааш амьдрах боломжийг энэ засгийнхан хараад байна уу даа гэж хардаж байна. 
 
-Хардахад баримт нотолгоо хэрэгтэй болов уу? 
 
-Хардамаар ажлууд юу хийв гэхээр Хувь хүний орлогын албан татварыг нэмсэн шийдвэр гаргалаа. Мөн хүүхдэд өгч байсан мөнгийг ялгавартай олгох, оюутнуудын цалинг хасах бодлого барьсанаар нотлоно. Оюутны 70 мянга нь үр ашигтай бодлого байсан уу гэвэл тусдаа яригдана. Ямар ч байсан маш олон хүний амьдралд цохилт өгсөн бодлогуудаар иргэдийн амьжиргаа руу дайралт хийлээ. Бас нэгэн сонирхолтой шийдвэр нь юу байв гэхээр Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нь гарч ирээд Төв банкны данс улайчихсан байна. Бидэнд ямар ч валютын нөөц байхгүй боллоо. Үндэсний хэмжээнд валютын эргэлт хасахтай гарлаа. Улс цалингаа ч тавьж чадахгүй байдалд орчихлоо гэсэн. Үүний цаана юу байв гэхээр хүмүүсийг айдаст автууллаа.
 
Иргэддээ улс орон мөнгөгүй болжээ гэсэн сэтгэхүй үүсгэчихээд энэ том ордыг зарахаас өөр аргагүй боллоо гэдэг ч юм уу, зээл нэмж авахаас өөр гарцгүй болжээ гэсэн ойлголт бий болгох нь шинэ засагт ашигтай байгаа юм. Ингэж хардах боломжтой ийм л хоёр үндэслэлийг гаргаж тавилаа. Харамсалтай нь Засгийн ийм хандлага нь хонцын сэтгэлгээтэй байна уу даа гэж бодоход хүргэж байна. Эрх барьж байгаа дөрвөн жилдээ бид хэдэн төгрөг олоод туйлчихая гэж байгаа бол энэ чинь улс орны ирээдүйн бодлогод яагаад ч нийцэхгүй шүү.
 
-Өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс гадна АН шинэчлэгдэх тухай, ҮЗХ-гоо хуралдуулах эсэх нь олны анхаарах сэдэв болжээ. Ардчилсан намын шинэчлэл гэхээр залуус дор бүрнээ чанга дуугарч байгаа ч “олон нийтийн дунд мартагдахгүй байхсан” гэсэндээ МАН руу ч тэр эдийн засгийн орчин руу ч чичлээд байна уу гэх яриа байна. Энэ хэр ортой вэ?
 
-Шуудхан хэлэхэд АН дотоод асуудлаа цэгцлэхийн тулд бүх гишүүд нь үүнд анхаарч байна. Оролцож байна. Яриа хэлэлцээр идэвхтэй явуулж байна. Юун тэр МАН-ын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох. Тулхтай улс төрийн хүчнүүдийн нэг энэ намын залуус хоошоо суулгүй урагшаа тэмүүлээд намынхаа ачааг үүрэлцээд явъя.
 
Гэр орондоо шинэ агаар салхи оруулъя, дүрэм журмаа сайжруулая. Үзэл баримтлалаа тодотгоё гээд явж байна. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар Монгол Улсад хохиролтой шийдвэр гаргах вий гэсэндээ анхаарч байна. Түүнээс биш 65 суудалтай намын ажил руу цөөхөн суудалтай сөрөг хүчин яагаад ч нэмэргүй. Гол нь улайм цайм хууль бус шийдвэр гаргавал түүнд нь хязгаарлалт тавьж чаддаггүй юм гэхэд олон нийтэд мэдээллэх үүрэг нь хадгалагдаж байгаагийн хувьд дуу хоолойгоо хүргэж байна. 
 
-АН засагт хамтарсан он жилүүддээ мөнгө барьж үзээгүй юм шиг аашилж байна. Эдийн засаг ингэж элгээрээ мөлхөхөд хамгийн их оройлж ажилласан нам. Одоо хэн ч хариуцлага хүлээхгүй байна гэх мэт гомдол бий. Үнэхээр эдийн засгийг самарчихаад буучихсан юм уу?
 
-Улс төрийн хүрээнд хийж байгаа эдийн засгийн бодлого шийдвэр нь ямагт эерэг сөрөг хандлагуудыг дагуулдаг. Тийм болохоор маш их маргаантай шийдвэрүүд байдаг. 2012 онд АН олонхи болж чадалгүй хамтарсан засаг байгуулсан ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор улс орны хөгжлийг тэлэх доритой хэд хэдэн ажил хийсэн. Шинэчлэл хийе гэж Засгийн газраа байгуулсан. Хийсэн ажлуудыг нь өнөөдөр эргээд харвал хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр нэлээд өргөн хүрээтэй том ажлууд хийж. Суурь хуулиудаа олон талын хэлэлцүүлэг өрнүүлж шинэчлээд баталсан.
 
Мэдээж энэ бол эдийн засаг шиг мөнгөөр хэмжигддэг зүйл биш. Гэхдээ жинхэнэ утгаараа ардчилсан улс орон болоход нөлөөлөх хамгийн чухал хуулиуд дээрээ ажилласан уу гэвэл тийм. Харамсалтай нь сонгуулийн дараа зарим нэгнийг нь буцаалаа. Хүний эрхийн тухайд эрх зүйн шинэчлэл хийгдсэн шүү. Эдийн засгийн бодлогын тухайд Засгийн газар бонд босгосон. Олон нийт улс орныг өрөнд орууллаа гэж шүүмжилж байсан. Гэхдээ үүний зарцуулалт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд авто замын чиглэлд хийгдээгүй бүтээн байгуулалт хийсэн. Аймаг сумд ойролцоох хилийн боомттойгоо холбогдохоос гадна нийслэлтэй холбогддог болсон. Хот байгуулалт, хот төлөвлөлт чиглэлээр дорвитой ажил хийсэн. Боловсролын салбарт нэлээд шинэчлэлийн ажил эрчимжсэн. Бидэнд оролцож чадаагүй нэг л салбар байсан.
 
Тэр нь эрүүл мэндийн салбар. Энэ салбарт өөрчлөлт гараагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нийгмийн хамгааллын чиглэлээр ажил хийгдээгүй. Гэхдээ эрх зүйн орчин сайжирсан. Хамтын тэтгэврийн хууль гэх мэт. Өнөөдөр энэ бүхний үр дүнг сайн муу гэж ярих эрт. Гэхдээ л хэтийн төлөвийн суурь ажлууд хийгдсэн байсан. АН байхдаа бүх талаараа мундаг сайн ажилласан гэж яривал өрөөсгөл. Алдаа байсан. Бондын зарцуулалт дээр алдаа гаргасан. Нэгдүгээрт, бондыг юунд зарцуулах вэ гэдгээ эцсийн байдлаар тогтоогүй байхдаа мөнгө босгосон. Хоёрдугаарт, бондоор санхүүжүүлэх төслүүдийн аль нь илүү ач холбогдолтойг эдийн засгийн үр ашигтай талаас нь эрэмбэлээгүй. Зарим төслүүдээ харахад хөдөө сумын төвд ахмадын өргөө нэртэй байшин барьсан байх жишээтэй.
 
Маш бага ачаа тээврийн эргэлттэй газар авто зам барьсан хэрнээ уул уурхайн гол бүтээгдэхүүн эргэлтийнхээ дэд бүтцийг хийж чадаагүй, эрчим хүчний нэгдсэн системийг хийсэн байж импортоор цахилгаанаа авсан хэвээр байгаа гэх мэт. Тэгэхээр зарим хөрөнгө оруулалтаа оновчтой хийж чадаагүй гэж дүгнэж байгаа. Гэхдээ сүүлийн дөрвөн жил нийслэлд хийсэн ажлын өөрчлөлтийг өмнөх он жилүүдтэй нь харьцуулбал сайшаах ажил олон харагдана.
 
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа нь ойрын үеийн сайн мэдээ яах аргагүй мөн. Гэхдээ эрдэс бүтээгдэхүүний үнэ бол тоглоом төдий шүү гэх сургамж бидэнд уг нь бий. Энэ салбарт гэрэл гэгээ тусах уу. Та юу яаж харж байна?
 
-Нэг нам нь ажил хийхээр нөгөө нь харлуулдаг. Тэр нь иргэдийг эргэлзээнд оруулж байна. Нээрээ улс орон хөгжөөд байгаа хэрнээ өрөнд ороод байна уу гэсэн айдаст автуулаад байна. 2011-2012 онуудад манай улс зөв бодлого явуулаад байсандаа улс орны ирээдүй өөдрөг харагдсангүй. Зүгээр л дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн.
 
Монгол Улсад яг тэр үнэтэй бүтээгдэхүүний нөөц маш их учраас энэ улс мөнгөөр дутагдахгүй нь гэсэн үзэл байсан. Тийм байсан болохоор өнөөдөр бид 1.5 тэрбум ам.доллар зээлчихэд буцаагаад таван жилийн дараа гэхэд төлөөд дуусах юм байна гэсэн хүлээлтээр зээл авч байсан. Харамсалтай нь дэлхийн зах зээлийн уналт өсөлтийг бид удирдаж чадахгүй. Тэгэхээр дараа дараачдаа бид үүнийг анхаарах ёстой. Түүхий эдийн үнэ өсөхөөр дагаад хөөрдөг. Үнэ уначихаар ашиггүй том том төслүүд үлддэг. Халамжинд өгсөн мөнгөө бууруулж чадахгүй болдог. Хэрэггүй баахан замтай хоцордог. Үүний эцэст их өртэй дампуурсан улс үлддэг.
 
Үүнийг цаашдаа сургамж болгох хэрэгтэй. Одоо бол харьцангуй сэргэлт ажиглагдаж байна. Нүүрсний салбарын ирээдүйг ялангуа би өөдрөгөөр харж байна. Парисын дэлхийн дулаарлын эсрэг конвенци батлагдаад үүнд нь хятад улс бас хариуцлага хүлээж байгаа. Тодорхой хэмжээнд жижиг уурхайнуудаа зогсоогоод том уурхайнууддаа ажиллах хүнээ бууруулсан. Тэгэхээр нүүрсний гарцын хэмжээ буураад эргэлт дагаад буураагүй учраас нүүрсний үнэ өсч байна. Гэхдээ анхаарахад эрэлт нэмэгдээгүй шүү. 
 
-АН-ыг шинэчлэх залуусын дуу хоолой болоод явж байгаа хүний хувьд асуухад энэ нам шинэчлэгдэх найдвар харагдаж байна уу?
 
-АН бол өөрөө шинэчлэгдэж байгаа. Түүнээс шинэчлэлийн эсрэг зогсдог хүчирхэг ямар нэгэн зүйл байхгүй. Залуус тэр давлагааг түүчээлж байна. Мэдээж залууст шинэ үеийнхэн, шинэ үзэл санаа, амбийц байна. Тэгэхээр өөрсдийн төсөөлж байгаа хамгийн зөв, сайхан улс төрийн намыг бий болгохын төлөө нэгдсэн.
 
Энэ үзэл санаа цэгцрэхээр АН-ын шинэ үзэл санаа тогтох нь мэдээж. Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөнийхөн нэгдээд АН-ын үнэт зүйл гэж юу юм, хэн нь хэнтэйгээ санал нэгддэг юм, намын дотоод ардчилал гэж юу вэ, удирдах албаа хэрхэн сонгодог, тэд нь хариуцлага хүлээж чаддаг юм уу үгүй юу гэдгийг нь үзэж харж судалж байна. Энэ бүхнээ шинээр тодорхойлоод дүрэм журамд нь суулгахаар хичээж байна. Бидний эхний оролцож байгаа томоохон ажил нь АН-ын дүрмийг шинэчлэх ажлын хэсэгт залуусынхаа төлөөллийг оруулъя. Төлөөллин институт гэдэг нь яаж хэрхэн ажиллах юм, түүнд нь залуусаа оруулъя гэж байна. 
 
-ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй АН сөнөжээ гэж хүртэл бичээд байгаа шүү дээ?
 
-ҮЗХ хурлаа хийж чадахгүй байгаа шалтгаан тодорхой. Хувь хүнтэй үүнийг холбоод ч юм уу, улс төрийн тогоонд өрнөж байгаа үйл явцтай холбоход хэтэрхий ядмаг. Зүгээр л АН-ын ҮЗХ гэдэг институт хурлаа хийж чадахаа л больчихсон. С.Эрдэнэ гишүүн хэлсэн байсан л даа. Хурлаа хийж чадахгүй байгаа биш. Хурал хийх шиг амархан зүйл юу байна гэж. Үнэхээр тэгвэл хурлаа хийж чадахгүй байна.
 
Яагаад гэхээр өмнөх хурлуудаараа хэдхэн хүний тохиролцоог дэмждэг тоглоомын бүтэц болсон байсан. Өнөөдөр тэр аргаараа шийдвэр гаргах гэхээр хоорондоо тохиролцож чадахгүй болчихоод ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байна. Гэхдээ ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй тохиолдолд АН өөр бүтцээ хуралдуулах боломж байгаа. Өнөөдөр ҮЗХ бас тийм эрх зүйн бүрэн чадамжтай юу гэвэл эргэлзээтэй. Намын даргаа сонгох, их хурлаа хэрхэн зохион байгуулах дүрэм журмаа гарга.
 
Ямар арга замаар дарга нараа сонгох юм гэдгээ тодорхойл. Намын дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг гарга. Үүнийг хийгээд ҮЗХ тарах ёстой. Үүний дараа АН-ын шинэ бүтэц ҮЗХ-гоо дахиад байгуулаад явах ёстой. Тэгэхээр ҮЗХ намын даргыг ч юм уу сонгох гээд суугаад сунгагдаад байх нь цаг үрсэн ажил. Тэртээ тэргүй ҮЗХ-гоор намын даргыг сонголоо ч түүнийг дэмжих олонхи нь ҮЗХ-ны гишүүд биш. Тэгэхээр ҮЗХ шийдвэрээ гаргаад тарах хэрэгтэй. Тэгэхээр ҮЗХ хуралдахгүй хойшлоод байгаа нь хэдхэн хүний асуудал болохоос АН-ын асуудал биш. 170 мянган гишүүд дэмжигчийн анхаарал хандуулах сэдэв ҮЗХ-ны хуралдаан биш.
 
-Нэгэнтээ хуучин лидерүүд нь олон нийтэд таалагдахаа байчихжээ. Шинэ залуусаа түлхээд намаа хурдан шинэчлэх нь аль аль талдаа амар баймаар?
 
-Залуусыг түлхэх хэрэггүй. Залуу хүн гэхээрээ хэн нэгнээр түлхүүлж байж урагшладаг юм биш. АН-ын дарга гэдэг хүн гишүүдийнхээ олонхийн саналыг авч байж гарч ирдэг шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Биэнэ удаагийн АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа. Надад АН-ыг нам шиг нам болгож шинэ зууны нам ямар байх ёстой тийм байлгах хүсэл, зорилго байна.
 
Хэдэн удаа парламентад суусан, өчнөөн удаа аль нэг газрын даргын албыг хашсан гэдэг намтар давуу тал биш. Дарга байсан хүн дарга болно гэсэн нийгмийн сэтгэлгээг залуус өөрчилнө. Улс төрийн нам гэсэн ойлголтыг цоо шинээр бий болгохгүй бол хоёр гуравхан намын өнөөгийн төрхөөр төсөөлөөд байж болохгүй. Монголд шинэ зууны улс төрийн нам үүсэх хөрс нөхцөл байна. Улс төрийн намын хамгийн чухал шинж бол нийгэм яаж хөгжих ёстой вэ гэдэгт хариулах гэж хичээх юм.
 
Монголыг дэлхий нийтэд муухай харагдуулаад байгаа үзэл хандлага юу вэ гэхээр хөрөнгө оруулахаар зориод ирж байгаа гадныхны хөрөнгийг бараг л булааж аваад хөөчихдөг. Улс төрийн бодлого тодорхойлогчид нь авлигад идэгдчихсэн. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь өөрчилдөг, хүний эрхийн зөрчил бий болоод түүнийг хамгаалдаг тогтолцоо иргэний нийгмийн дуу хоолой маш сул. Уг нь бол энэ бүх институт бүгд байгаа юу гэвэл тийм. Даанч эв нэгдэлгүй түнжингүй тархай бутархай байна. Энэ бүхнийг дээрээс хардаг засч залруулдаг, зөв хуваарилдаг улс төрийн нам хүчин алга. Харин иргэд нь нэгдэж нийлэхээрээ намын хийх ёстой өнөөх хүмүүнлэг иргэнлэг нийгэм байгуулж байна.
 
Улс төрийн намуудгүйгээр. Ийм жишээ олон байна. Сайн дурын үйл ажиллагаа явуулж биендээ тусалж дэмжиж байна. Эвлэлдэн нэгдээд хамтаараа асуудлаа шийдэх гэж оролдож байна. Илүү сайхан зүйл рүү тэмүүлж байна. Гэтэл улс төрийн намууд гурван сая иргэнийхээ байгуулахаар зүтгэж байгаа хүмүүнлэг иргэний нийгэмийг унагаахаар араас нь чангааж байгаа дүр зураг харагдаж байна. Зүй нь бол иргэдийн энэ бүх хийгээд байгаа ажлыг нам хийх ёстой. 
 
 
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: "Улс төрийн тойм " сонин