sonin.mn
“Leaderships forum” булангийн энэ удаагийн зочноор  Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Лхагвасүрэнгийн Амарзаяаг урьсан юм.  Улаанбаатар хот бол улсын нийслэл, хөгжлийн төв нь байдаг.
 
Тэгвэл нийслэлийн зүрхэн тольт, хоймор нь болсон Сүхбаатар дүүрэг тохижилт, хөгжлөөрөө нийслэл доторх нэгэн “бага хот” мэт бүтээн байгуулалт, хөгжлийг цогцлоож чадсанаараа онцлог юм. Хөгжлийн энэ түүчээг бий болгож, хөтөлж яваа удирдлагын багийнхны нийслэлийн  бодлого, төлөвлөлттэй уялдуулан хийж бүтээж буй ажил, Сүхбаатар дүүргийн ирээдүйн хөгжил, гарц шийдлийн  талаар манай зочин Л.Амарзаяа ингэж ярьж байна. 
 
СҮХБААТАР ДҮҮРЭГ СҮРХИЙ ХӨГЖИЖ БАЙГАА
 
Сүхбаатар дүүрэг онцлог ихтэй. Нийслэлчүүд сайн мэднэ. Манай дүүрэг Улаанбаатар хотын төв хэсэг. Бид зүрхэн дүүрэг, хотын хоймор гэж ярьдаг, иргэд ч ингэж хэлдэг. Нөгөө талаас олон жил уламжилж ирсэн сэхээтнүүдийн дүүрэг гэсэн ойлголт байдаг. Төрийн албанд ажиллаж байгаа, төр, засгийн өндөр алба хашиж байсан, их, дээд сургуулийн багш нар, соёл урлагийн салбарынхан гээд нийгмээ чирч явдаг, соён гэгээрүүлж байдаг  хүмүүс Сүхбаатар дүүрэгт ажиллаж, амьдардаг. Тиймээс энэ мэтчилэн Сүхбаатар дүүргийг олон талаас  онцолж нэрлэдэг. Бидний үйл ажиллагаа, өдөр тутмын амьдрал, ирээдүйн хөгжлийн бодлого, хөтөлбөр үүнд чиглэж байдаг.Түүнээс гадна зайлшгүй хийх шаардлагатай ажлууд бий.
 
Хотынхоо, улсынхаа нүүр царай, өнгө төрх, нэр хүндийн илэрхийлэл  болсон энэ дүүргийг удирдаж байгаагийн хувьд дүүргээ аль болох өнгөтэй, өөдрөг байлгахад чиглэсэн  ажлуудыг хийж ирсэн. Хотын өнгө зүсийг сайжруулах, тохижилт зохион байгуулалтын зэрэгцээ шинэ  бүтээн байгуулалт хийх олон ажлыг уялдааг олж чиглүүлнэ. Сүхбаатар дүүрэгт ямар ажил зохион байгуулж байна, яаж өнгө төрхөө засч байна, ямар бодлого шийдвэрүүд гаргаж байна гэдгээс бусад дүүрэг, аймаг, хот, сумд үлгэр жишээ авч харж байдаг учраас бүх талаас анхаарч хичээхгүй бол болохгүй. Дүүргийн ажлын нөгөө хэсэг нь төрийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Төрийн болоод бусад үйлчилгээг дүүргийнхээ 140 мянган иргэнээс гадна нийслэлийн 1.3 сая иргэн, нийслэлээр дамжин өнгөрч байгаа гадаад, дотоодын жуулчид, ажил алба болон хувийн журмаар ирж, очин явж байгаа бүх хүнд үзүүлдэг.  Тийм  учраас  дүүргийн амьдрал, бидний хийж буй ажил олны нүдэн дээр ил байдаг.
 
Түүнчлэн нийгэмд хандсан олон нийтийн үйлчилгээ, түүний стандартчлалыг үлгэр дууриал болгож явуулахад бид ихээхэн анхаардаг. Төрийн томоохон байгууллагууд, Төрийн ордноос эхлээд яам тамгын газрууд, гадаадын Элчин сайдын яамдын олонх нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулийн томоохон цөм хэсэг, соёл урлагийн мэргэжлийн байгууллагууд бий. Энэ бүхнээр  дамжуулан  хотын соёлыг түгээгч, хотын соёлыг илэрхийлэгч, хотын соёлыг хөгжүүлэгч дүүргээрээ манай иргэд ихээхэн  бахархаж байдаг.
 
СҮХБААТАРЧУУДЫН ӨМНӨӨ ТАВЬСАН ХАМГИЙН ТОМ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ
 
Манай дүүрэг хэдийгээр хотын төв хэсэг  гэж байгаа боловч “Их тойруу”-гийн зам буюу 100 айл,  Ногоон нуур орчим  олон жил гэр хороолол суурьшсан учраас дахин төлөвлөх, орон сууцжуулах  ажлыг  эхлүүлсэн. Хотын өнгө үзэмжийг сайжруулах  бүтэц, зохион байгуулалтын  ажлыг эрчимтэй хийж байна. Олон жил орхигдсон байсан гудамж талбайнуудыг  иж бүрнээр нь засч шинэчилсэн.
 
Одоо  төвийн хэсэгт засвар ороогүй, тохижилт хийгээдгүй гудамж зам талбай маш цөөхөн үлдсэн. Өнгөрсөн зун дэлхийн томоохон чуулган  АСЕМ  манай улсад болсон. Бүх үйл ажиллагаа нь манай дүүргийн нутаг дэвсгэрт болж өнгөрсөн учраас нийслэл болон дүүрэгт Засгийн газраас анхаарч, тохижилт, орчны ногоон байгууламжийн чиглэлээр олон ажил зохион байгуулсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Хотын төв хэсэг хүн амын  төвлөрөлтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн их байдаг.
 
Замын хөдөлгөөн гарц, орц, авто зогсоол, иргэд, хүүхэд,  залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх  талбай, нэмж баригдаж байгаа барилга байшингууд гээд  энэ чиглэлийн  асуудалд цогцоор нь анхаарч байна.Шинээр баригдах барилга, байгууламжийн  хувьд дүүргийн хэмжээнд зай талбай маш хомс. Боломжтой бүхий л газруудад барилга, байшингууд барьсан байгаа. Одоо харин тэдгээрийг хооронд нь уядуулж зохицуулах, өнгө үзэмжийг дээшлүүлж, орчныг сайжруулах шаардлага бий. Иймд хотын төв хэсгээс эхлэн   засч тохижуулах ажлыг бодлогоор эхлүүлж, улмаар дүүргийн  зах, алслагдсан хэсэг рүү  тэлээд  явж байна.
 
“ХОТ ТОХИЖИЛТ, ЗАСВАРЫН АЖЛААС НЭГИЙГ Ч ОРХИЛГҮЙ ЦОГЦООР ХИЙХ ХЭРЭГТЭЙ”  
 
“Хот хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-нөөс эхлэн нийслэлд хийж хэрэгжүүлэх маш олон төсөл төлөвлөгөө байдаг. Дүүргийн зүгээс ч энэ чиглэлд хийсэн судалгаанууд, бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийн ажлыг эрчимтэй хийх зорилго тавьж ажилладаг. Бүх ажил нэгдсэн журмаар,  цогц  байдлаар уялдаж явбал  хотын өнгө үзэмж сайжирна. Цаашилбал, иргэд тэр бүр мэддэггүй,  тухайлбал өвлийн улиралд утааны тухай   ярихаас  биш зуны улиралд шороо тоосны асуудлыг хөнддөггүй. Дээр нь хөрсний бохирдол нэмэгдэж нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний суурь болж байдаг нь ч энэ ажлын хүрээнд шийдэгдэнэ.
 
 Цаг хугацааны хувьд үечилж   авч үзвэл  Сүхбаатар дүүрэгт 2012 оноос өмнөх жилүүдэд харьцангуй бага ажил хийгдсэн байдаг. Тэгвэл 2013 оноос эхлэн одоог хүртэл  гурван жил  орчмын хугацаанд хийсэн ажил маань нийслэлийн хэмжээнд  сүүлийн 20 жил хийсэн бүтээн байгуулалтын ажилтай үндсэндээ дөхөж очиж байгаа. Гэсэн ч цаашид хийх ажил  их, төсөв хөрөнгө  шаардлагатай.
 
Том хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ажлууд ч цөөнгүй бий. Дүүргийн хэмжээнд жилд  дунджаар 5-8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг. Гэтэл дүүрэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад зөвхөн тохижилт, ногоон байгууламжийн ажил л  ордог. Томоохон бүтээн байгуулалт, инженерийн шугам сүлжээний ажил гээд төсөв хөрөнгийг нарийн  тооцоод үзвэл жилд харилцан адилгүй тоо гарна. Сүүлийн гурван жилийн нийлбэрээр 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  инженерийн байгууламж, бүтээн байгуулалтын ажилд   зарцуулсан байна. Бүтээн байгуулалтын  зарим ажлыг бид  хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж ирсэн.
 
Аж ахуй нэгж байгууллага, компаниудын зүгээс  өөрийн хөрөнгө оруулалтаар, нийгмийн хариуцлага, сайхан сэтгэлийн үүднээс хандив туслалцаагаар хэд хэдэн талбай тохижуулж өгөөд явж байна. Энэ мэтчилэн нэг ч ажлыг орхилгүй цогцоор нь хийгээд явчихвал хотын маань өнгө зүс сайжирна. Дүүрэг маань ч сайхан болно. Өөр нэг асуудал бол Сүхбаатар дүүрэг хотын төв, олон хүн төвлөрсөн газар. Тэр хэрээр  иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарах, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн асуудал  чухлаар тавигддаг.
 
Өнгөрсөн 3.5 жилийн хугацаанд олон ажил төлөвлөж ард нь гарсны цаана  мөн цөөнгүй ажлыг  санаачилж төлөвлөгөө боловсруулж бэлдээд явж байна. Энэ бүхэн ганц дүүрэг ч бус нийслэлийнхээ иргэдийн төлөө  хийж байгаа ажлууд юм. Бусад дүүрэгтэй харьцуулахад  манай дүүрэгт орон сууц, гэр хорооллын харьцаа ойрхон. 20 хорооноос ес нь орон сууцны, 11 нь гэр хороолол. Түүнээс хоёр нь тэр чигтээ зуслангийн бүст  байдаг.
 
ХОТЫН ХӨГЖИЛ ДҮҮРГЭЭС ШАЛТГААЛНА
 
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдаад 50 жил болж байна. Анх Сүхбаатарын район нэрээр байгуулагдаж байсан. Энэ хугацаанд 11 Засаг дарга ажилласан байдаг юм. Одоо Засаг даргаар  Б.Бадарсан ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн одоогийн удирдлагын баг 2012 оны сонгуулийн үр дүнгээр томилогдсон. Бидний баримталж байгаа нэг л бодлого бий. Бид дүүргийнхээ хөгжлийн төлөө нэг зүг рүү, “Нэг цонх”-оор  харж ажилладаг. Дээр нь төрийн бодлого, залгамж чанар  тасралтгүй үргэлжилж байх ёстой. Тиймээс өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлж ирсэн бодлогыг үргэлжлүүлж, баяжуулж, өргөжүүлж яваа. Удирдлагын багийн хувьд улс төрийн нам хэдийгээр өөр ч гэсэн үзэл баримтлалын хувьд  нэг байж чаддаг. Дүүргээ хөгжүүлье гэсэн чин эрмэлзлээр  гар нийлж ажиллаад үндсэндээ дөрвөн жилийг үдэж байна. Талцаж, улстөржөөд нэг нэгийнхээ ажлыг хийлгэхгүй байх, саад болох зүйл  байхгүй.
 
Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Сум, дүүргийн сонгуулийн дүнгээр аль нам, удирдлагын баг гарч ирж Сүхбаатар дүүргийг удирдаж цааш хөгжүүлж, чиглүүлж явахыг дүүргийн иргэд, сонгогчид шийднэ. Бид иргэдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэнэ. Хэрэв энэ сонгуульд иргэдийнхээ дэмжлэгийг авч итгэлийг  нь хүлээсэн тохиолдолд  эргээд хийж байсан ажлаа үргэлжлүүлээд явна. Өөр хүмүүс гарч ирвэл хийж байсан ажил, санаачилж гаргасан төсөл төлөвлөгөө, ирээдүйд хийх бодлого  шийдвэрүүдээ хүлээлгэж өгнө.
 
Бид хийсэн ажил, авсан арга хэмжээ, шийдсэн зүйлүүд, үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр тайлбарлах таниулах ажлыг зохион байгуулж байна. Бидний ажил Сүхбаатар дүүргийн 140 мянган иргэний төдийгүй нийслэлчүүдийн, Монгол Улсад, Улаанбаатар хотод ирж,буцаж буй гадаад, дотоодын олон мянган хүний нүдэн дээр  ил байдаг. Үнэлэлт, дүгнэлт нь ч бодитой, ил тод тодорхой байна гэдэгт итгэлтэй байна.
 
МОНГОЛ УЛС, МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ БОЛОВСРОЛ. ТИЙМЭЭС ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ  БОЛГОЖ АЖИЛЛАСАН 
 
Манай дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарыг тэргүүлэх чиглэл болгож ажилласан. Дүүргийн хувьд энэ  маш том давуу тал. Боловсрол гэдэг Монгол Улс, монгол хүний хөгжих үндэс суурь юм.  Боловсролын салбарыг бодлого зохицуулалтаар, хөрөнгө оруулалтаар  дэмжих, шинэ ажил санаачлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн  шат дараатай ажлыг жил бүр өргөжүүлж хийж ирсэн.
 
Дүүргийн Засаг дарга Б.Бадарсан  энэ бүх ажлын менежментийг гаргаж, удирдлагыг гартаа авч ажилладаг. Сүүлийн гурван жил “Боловсролд ээлтэй Засаг дарга” гэдэг нэр хүндтэй эрхэм шагналыг хүртсэн. Боловсролын салбарыг  дэмжих ажлын  хүрээнд бид 2012 оноос дүүрэгтээ 20 орчим сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгуулсан. Тэр дотор зургаан сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Удахгүй дүүргийн нутаг дэвсгэр дээр хоёр шинэ цэцэрлэг ашиглалтад орох гэж байна.
 
Энэ болгон дүүргийн иргэд, багачууд хүүхдүүдэд  зориулж байгаа ажил юм. Нөгөө талаас  байр байшинг нь бэлдэж өгөхөөс гадна сургалтын хэрэглэгдэхүүн буюу орчныг сайжруулахад анхаардаг. Анги танхимын засвар үйлчилгээ, бусад нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд шинэ техник технологийг нэвтрүүлж, эрэгтэй, эмэгтэй сурагчдын хөдөлмөр сургалтын танхимыг бүрэн шинэчилсэн. Одоо манай дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд бүгд ийм танхимтай байгаа. Тэндээс маш өргөн чиглэлийн мэдлэг чадвар, дадлага туршлагыг авч байна. Бүх сургуулийн  гаднах орчныг засч тохижуулсан.  
 
БСШУ-ы сайд асан Л.Гантөмөрийн санаачилсан “Зөв монгол хүүхэд”  хөтөлбөрийг бид дүүргийнхээ хэмжээнд бүрэн дэмжиж хэрэгжүүлсэн. Хүүхэд багачууд энэ хөтөлбөрийн хүрээнд  амжилттай суралцаж, олон чиглэлээр дүүрэгтээ төдийгүй улсад манлайлж яваа. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны  элсэлтийн ерөнхий шалгалтад Сүхбаатар дүүргийн төгсөх ангийн сурагчид тэргүүлсэн. Боловсролын салбарыг   дэмжсэнээр Монгол Улсын хөгжил, улс орны ирээдүйд том хөрөнгө оруулалт болно.
 
ХОТЫН ХӨГЖИЛ ЭРҮҮЛ МЭНДЭД ХАМААТАЙ
 
Бидний зүгээс дүүргийн хэмжээнд анхаарч ирсэн дараагийн салбар бол эрүүл мэнд. Энэ чиглэлд олон ажил зохион байгуулж хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэх, багаж хэрэгслийг нэмэгдүүлэх, байр орчныг засч тохижуулсан. Өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг, оношилгоо хийхээс гадна анхан шатны шинжилгээнүүдийг бүгдийг авдаг болсон.
 
Түүнд чиглэсэн тоног төхөөрөмжүүдээр бүгдийг   хангасан. Энэ бүхэн дүүргийн иргэд рүү хандсан, бүх талын асуудлыг цогцоор анхаарч удирдлагын багаас хийж хэрэгжүүлсэн ажлууд юм. Ер нь бол Сүхбаатар дүүргийн хэмжээнд,  дүүргийн ЗДТГ-аас гурван чиглэлд ажлаа төлөвлөж, хуваарийн дагуу ажиллаж ирсэн нь боловсрол, эрүүл мэнд нийгэм, хотын өнгө үзэмж орчны тохижилтын ажил юм
         
ДҮҮРГҮҮДИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
 
Сүхбаатар дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад хүн амын нягтаршил бага. 140 мянган хүн амтай. Энэ хэрээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ачаалал эрс нэмэгдсэн. 2014 онд дүүрэг шинэ байранд орсон. Ингэснээр олон давуу талыг бий болгосон.  “Нэг цонхны үйлчилгээ”-г олон төрлөөр нэмэгдүүлж чадсан. Иргэд дүүргээс авах үйлчилгээг Засаг даргын Тамгын газрын байран дээр ирээд цогцоор нь авах боломжтой.
 
Мөн хороодод ийм үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээр зохион байгуулж  байгаа. Хамгийн чухал зүйл нь дүүргийн засаг захиргааны бүтцийн асуудал  тулгамдсан, иргэддээ хүрч ажиллахад бэрхшээлтэй байгаад байдаг. Тиймээс төрийн албаны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг цаашид эргэж харахгүй бол болохгүй. Ерөнхийдөө манай нэг хороо гэхэд л хамгийн багадаа 300 мянгаас дээш хүн амтай. Дээд тал нь 8000 хүн амтай байна. Гэтэл хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан зэрэг  хоёр, гуравхан хүний нуруун дээр бүх ажил нь явдаг. Тэгэхээр иргэд рүүгээ үйл ажиллагаагаа  чиглүүлэхэд хүндрэлтэй.
 
ХОТЫН СОЁЛ, УХАМСРЫН АСУУДАЛ ХҮН БОЛГОН АНХААРАХГҮЙ БОЛ ШИЙДЭГДЭХГҮЙ
 
Хотын төвлөрөлтэй холбоотой бас нэг асуудал бол хотын соёл, ухамсрын асуудал байдаг. Бидний хувьд  энэ үнэхээр толгой өвтгөж байна.  Дүүргийн зүгээс их хэмжээний бүтээн байгуулалт, тохижилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлууд хийдэг.
 
Хийгээд удаагүй байтал нөгөө талаас  нь эвдэж сүйтгэж эхэлдэг. Хог хаягдлын асуудал ч маш замбараагүй. Тодорхой төвшинд шийдээд байгаа ч бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа. Хэдийгээр Улаанбаатар хот маань хөгжиж тохижиж байгаа ч сул шороотой газрууд бий. Тэр нь хог хаягдал хаяхгүй бол цэмцгэр харагддаг. Гэтэл хэчнээн сайхан тохижуулсан ч тэнд нь хог асгачихсан байвал үр дүнгүй харагддаг. Энэ хоёрын ялгаа харьцангүй өөр л дөө.
 
Хог хаягдалгүй байлгах чиглэлд бид хичээж ажилласан, өнгөрсөн дөрвөн жилд. Олон ч ажлыг нугалж ард нь гарсан. Гэлээ гэхдээ дийлэхгүй, хүчрэхгүй зүйлүүд байгаад л байна. Манай дүүрэгт ил задгай хогын цэгүүд байхгүй байсан. Бүгдийг цэгцэлсэн. Сүүлийн үед хүмүүс сайн ярьж, асуудал хөндөж, сошиал ертөнцөд   шуугиан тарих болсон ч гудамж талбайд бие засах, хог хаядаг асуудал  огт цэгцрэхгүй байна. Үүнийг засч залруулах чиглэлд дүүрэг, нийслэлийн зүгээс, ТББ-ууд, сайхан сэтгэлтэй санаачилгатай залуус, цахим ертөнцөд олон хэлбэрээр уриалж хандаж байна. Манай дүүргийн зүгээс  хүүхэд залуусаа боловсрол мэдлэгтэй болгох, хотын соёлд сургах арга хэмжээг зохион байгуулж ажилладаг.  Бүх сургууль хог ангилан ялгах цэгтэй, сургууль цэцэрлэгээсээ энэ арга барилд сурч эхэлж байна.
 
“Хогийг хогийн саванд” бүх нийтийн уриалга дэвшүүлээд явж байгаа. Ажлынхаа нэг онцлогийг хэлэхэд, бид сар бүхэн өргөн хэмжээний нийтийн цэвэрлэгээ хийдэг. Энэ бол хотын өнгө үзэмжийг сайхан байлгах үүднээс хийж буй ажил. Тодорхой хэмжээний зардал төсөв гардаг. Жилээр нь аваад үзвэл өндөр дүнтэй тоо гарна. Сардаа 14-15 сая төгрөгийг энэ ажилд зарцуулдаг. Иргэд хогоо хаяхдаа ухамсартай хандаж, цэвэр цэмцгэр байдаг сан бол энэ мөнгийг нийгэмд хандсан үр өгөөжтэй өөр  зүйлд зарцуулах  боломжтой юм.
 
 
 
БЛИЦ АНКЕТ:
 
-Боловсрол:
 
МУИС-ийн  Хууль зүйн сургуулийг төгссөн
 
-Мэргэжил:
 
 -Эрхзүйч
 
Ажлын туршлага:
 
-1996-1997 онд “Алекс” ХХК-д менежер
 
2003-2005 онд “Аманах” ХХК-ийн захирал
 
2006-2011 онд Капитрон банкинд ТАХ-ын ажилтан
 
2011-2013 онд Худалдаа хөгжлийн банкинд ТАХ-ын ажилтан
 
2013 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин